Согтуурсан үедээ бусдын амь насанд халдсан этгээдийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Согтуурсан үедээ бусдын амь насанд халдсан этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ сарын 4-ний  өдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подволд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн. Тус дуудлага мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шуурхай удирдлагын бүрэлдэхүүн нар мэргэшсэн шинжээчийн хамт Баянгол дүүргийн хяналтын прокурорыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг явуулахад гаднын нөлөөтэй нас барсан 40 орчим насны эрэгтэй хүний хэн болох нь тодорхойгүй цогцос байсан.

Уг гэмт хэрэгт алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тухайн хэргийн газарт 1978 онд төрсөн 42 настай эрэгтэй М нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1976 онд төрсөн 44 настай эрэгтэй Б түргэн шуурхай ажиллаж ирүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн шалгалтын ажиллагаагаар М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдаж М амь насыг хохироосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top