Б.Махбалыг сулласантай холбогдуулж ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Хүн амины хэргээр 11 жилийн ял авсан Б.Махбал өчигдөр /2023.09.27/ хорих ангиас суллагдаад байгаа тухай мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тойм гаргажээ.

Тус шүүхээс "Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Хоригдол Б.М-ийг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.

Хоригдол Б.М нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох 7 жил 4 сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.М-ийн эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв" гэсэн байна. 

Дашрамд дурдахад, хоригдол Б.Махбалыг сулласантай холбоотойгоор прокуророос Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Учир нь Б.Махбал ял эдэлж байх хугацаандаа "Хөгжлийн банк"-ны хэрэгт яллагдагчаар татагдсан нь хугацаанаас өмнө тэнсэн харгалзах шалгуурт тэнцэхгүй гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Луйвар(66.181.176.11) 2023 оны 09 сарын 28

Энэ хүний хувьд засвараа хүмүүжих асуудал яригдахгүй ээ, ял завших оролдлого

0  |  0
Зочин(202.55.191.130) 2023 оны 10 сарын 03

Женко Баттулгын үйл хэргийн том хэсэг бол гэмт хэрэг

1  |  0
Яанам бэ(66.181.161.40) 2023 оны 10 сарын 03

Женко Женко Женко чи аль газраас гарч ирсэн ТИЙРЭН бэ

5  |  0
Зочин шүүгч(202.9.46.82) 2023 оны 09 сарын 28

Ямар аймаар юм бэ таминээ хүний амь хороох чинь тэгээд тоглоом болж таарч байнаадаа янз нь. Хэдэн том хулгайч луйварчид Монголын төрийг зайдалсан нь хүн алаад бай бид өршөөгөөд байя гэж байгаан байна л даа.

1  |  0
gyu(66.181.181.105) 2023 оны 09 сарын 28

прокурор сошиалаар ажлаа хийж болохгүй ш дээ!

1  |  0
0000(202.126.89.236) 2023 оны 09 сарын 29

яаасан гэж уучлал үзүүлсийн болооооо ерөнхийлөгч нь

4  |  0
зочин(103.212.116.67) 2023 оны 09 сарын 28

баттулгын чөлөөлсөн хугацааг эдэлсэн ялд тооцож буй нь буруу шүү

4  |  0
ok(66.181.190.175) 2023 оны 09 сарын 28

hen ni yalaas multraad bdag ium huuli jigd bmaar iumaa

2  |  0
Top