Л.Ганбат: ЭЕШ-ын дүн, оноог ЦАХИМААР дамжуулна

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар нэгдсэн хуваарь гаргаж, нийт 31000 суралцагч бүртгүүлжээ. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор шалгалтын дүн онооны танилцуулга болон Их, дээд сургуулийн элсэлт цахимаар явагдахаар зохион байгуулагдаад байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа


-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад ямар өөрчлөлт гарч, хэрхэн зохион байгуулагдахаар төлөвлөж байна вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн нийт 31000 суралцагчийг улсын хэмжээнд 85 шалгалтын байранд авахаар төлөвлөөд байна. Эдгээр 85 шалгалтын байрны 44 нь хөдөө орон нутагт, 41 нь Улаанбаатар хотод байрлах юм. Зохион байгуулалтын дагуу шалгалтын байранд олноор бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд шалгуулагч тус бүр хоёр метрийн зайтай байхаас гадна цагийн хуваарийг зөрүүлэхээр хуваарилсан. Нэг ангид 12-оос илүүгүй шалгуулагч байрлуулахаар шалгалтын байрыг бэлдэж байна. Мөн шалгуулагч хоорондын тусгай зурвасуудыг бий болгосон. Нөөц анги бэлдсэн ба эрүүл мэндийн хувьд хүндрэл гарсан, халуунтай гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тус ангид оруулж, халдвар хамгаалалтын дор шалгалтыг авна Шалгалтад оролцогчдын суудлын хуваарь гарсан байгаа. Тус суудлын хуваарь дээр  аль шалгалтын байранд, хэд гэсэн дугаартай ангид, хэддүгээр суудал дээр суух, шалгалт өгөх тодорхой цаг минут, нэвтрэх хэсэг зэрэг мэдээллүүдийг тодорхой зааж өгсөн.  Суудлын хуваарийг бүртгэлийн нууц үгээ ашиглан Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээс хэвлэн авч болно. Мөн шалгуулагчид бүртгүүлсэн гар утасны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессеж үйлчилгээгээр авах боломжтой. Бүх сурагчдын шалгалт нэгдсэн, нэг цагт эхлэх болно. Цар тахлын өвчлөлтэй холбоотой шалгуулагчдыг нэг дор олноор нь бөөгнүүлэх боломжгүй учир заасан цагийг баримтлах ёстой.

-Сурагчид өөрийн дүн, оноогоо хаанаас, хэрхэн мэдэх вэ?

-Бүх сурагчдыг шалгалт дуусахад шууд засалтыг явуулж, 30-60 минутын дотор шалгалтын дүн оноог мэдэх боломжтой. Тус дүн оноо цахимаар буюу лайв хийж шалгалтын төв байр тус бүр дээрээс дамжуулна. Тиймээс шалгуулагчаас гадна тэдний багш болон эцэг эх өөрийн хүүхэд, сурагчийн дүнг харах боломжтойгоор зохицуулаад байна.

-Өнгөрөгч онуудтай харьцуулахад энэ жил урт хугацааны танхимын сургалтын үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс шалгалтын агуулга болон сэдэвт өөрчлөлт оруулж байгаа юу?

-Цар тахлын дэгдэлтийн улмаас сурагчдын хичээл тасалдалт, хоцрогдол тодорхой хэмжээнд үүссэнтэй холбогдуулж элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, англи хэл, орос хэл зэрэг хэлний хичээлүүдийн сонсож ойлгох даалгаврыг оруулахгүй байхаар зохицуулсан. Монгол хэл, бичгийн заавал авах шалгалтыг цуцлаад байгаа. Мөн сурагчдад орж амжаагүй зарим хичээлийн сэдвүүдийг шалгалтаас хасах шийдвэрийг гаргаад байна.

-Их, дээд сургуулиуд элсэлтээ ямар зохион байгуулалттайгаар авах гэж байна вэ?

-Шалгалтын нийт дүн танилцуулга дууссаны дараа их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа эхэлдэг. Энэ жил Боловсролын үнэлгээний төв нь Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумтай хамтарч элсэлтийн үйл ажиллагааг цахимаар авахаар зохион байгуулж байна. Тухайлбал,  их, дээд сургуульд бүртгүүлсэн шалгуулагч хэдэн оноо авснаас хамаарч аль сургуульд, ямар мэргэжлийн анги тэнхимд суралцах боломжтой талаар цахимаар сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр зохицуулж байна. Тиймээс заавал их, дээд сургууль дээр очиж бүртгүүлэх, орон нутагт элсэлтийн комисс очих шаардлагагүй болж байгаа гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top