Уншигч танд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын анхны “БАЛЕТЫН АНГИ”-аас өнөөдрийг хүртэлх гэрэл зургаас танилцуулж байна.
1934-1936 оны үед Н.Жигмэд, Д.Ичинхорлоо, Ц.Цэгмид, Н.Цэгмид нарын зохиосон “Наадам”, “Бөхчүүд”, “Монгол хувцас” зэрэг бүжгийг дэглэж тоглосон нь тайзны бүжгийн эхлэл хэмээн үздэг.
1944 онд ЗХУ-ын бүжгийн мэргэжилтэн, багш Н.В.Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг удирдан зохион байгуулж анх удаа “Бүжгийн үдэшлэг” бие даасан хөтөлбөрийг тоглуулснаар манай улсад балетын урлаг хөгжих үндэс тавигдсан. Энэ ангид Алимаахүү, Цэнд, Дашцэдэн, Дашдулам, Долгорсүрэн, Гүнсэндулам, Булуухүү, Мажигсүрэн, Балдандорж, Лувсангунгаа, Гүрбазар, Лувсанцэрэн нар бүжиглэж байв.
ЗХУ-аас 1946 онд уригдан ирсэн мэргэжилтэн Ю.В.Романовкий Монгол ардын үлгэр, домог, ардын бүжгээс сэдэвлэн “Анчин ба зээр”, “Ээрэнцэг”, “Агсал” зэрэг бүжиг дэглэж, ардын язгуур урлагийг тайзнаа бүжиг болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан шинэ залуу бүжигчид, бүжиг дэглээчдийг төрөн гарахад чухал нөлөө үзүүлсэн.
Түүхэн энэ үед Л.Лувсангунгаа, Д.Балдандорж, Б.Гүрбазар, С.Лувсангомбо нар бүжиг дэглэж байсны дотор Ц.Раднаа 1953 онд “Манай нэгдлийнхэн” хэмээх нэг бүлэг, нэг үзэгдэлт бүжгийн жүжиг тавьсан нь Монголын анхны бүжгийн жүжгийн түүхэнд оржээ.
1956 онд А.В.Хабаевагийн дэглэлтээр тавигдсан Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балет тавигдсанаар Монголын үзэгчид дэлхийн сонгодог балеттай танилцах түүхэн үе эхэлсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва 1962 онд Москвагийн театр урлагийн дээд сургуулийн балетмейстерийн ангид суралцан төгсөж, мөн Пермь, Ташкент хотуудад анхны балетын 28 жүжигчид суралцаж ирснээр мэргэжлийн балетын жүжигчдээр хангагдаж, балетын урлаг зүй ёсоор хөгжих түүхэн нөхцөл бүрджээ.
Энэ үеэс өнөөг хүртэл театрын тайзнаа Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”, “Чойжид дагина”, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”, З.Хангал “Эрдэнэсийн охид” гэх мэт Монголын үндэсний, Дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүд болох Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, П.И.Чайковский “Хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, А.Адан “Жизель”, Л.Делиб “Коппелия”, А.Хачатурян “Спартак”, Л.Минкус “Дон Кихот” гэх мэт 50 гаруй балетаар урын сангаа баяжуулсан балетын томоохон анги болон хөгжсөөр байна.
Монголын балетын урлаг дэлхийн хэмжээнд хүрч хөгжиж байгааг олон улсын А болон B зэрэглэлийн нэр хүндтэй уралдаан тэмцээнүүдэд манай балетын жүжигчид амжилттай оролцон тэргүүн, тусгай байрууд, финалд шалгарч байсан зэргээс харж болох юм.
Өнөөдрийн байдлаар ДБЭТ-т Монгол Улсын Консерватори, ОХУ-ын Пермийн балетын сургуулийг төгссөн 50 гаруй мэргэжлийн уран бүтээлчид ажиллаж байна.
Балетын хамт олноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Б.Жамьяндавга, Ардын жүжигчин О.Ганбаатар, Ю.Оюун, Гавьяат жүжигчин Н.Баатар, Т.Туул, Ю.Цэрмаа, С.Шаравдорж, А.Навчаа, Э.Оюунбат, Х.Гэрэлчимэг, Д.Алтанхуяг, Г.Цолмон, Х.Мөнгөнхөлөг, Ч.Ганчимэг, О.Анужин зэрэг олон алдартан төрөн гарсан түүхтэй. Тус хамт олон урын санд байгаа 50 гаруй балетын уран бүтээлээс сонгон тоглож, жилд дундажаар 30 гаруй тоглолтыг үзэгчдэд хүргэдэг.
Сэтгэгдэл ( 2 )
1972 оны Ленинградын төгсөлтийн зураг алга байна!? Олдоогүй бол надаас аваарай!? 99030153
Сайхан дурсамж байна