Наадам дөхсөн энэ л өдрүүдэд монгол хүн бүрийн сэтгэл гэгэлзэн байдаг биз. Ялангуяа хөдөө төрж өссөн, хурдан морины дэлэн дээр дарцаг шиг хийсч явсан нэгнийх бол тогтох нь үгүй. Ийм л нэг сэтгэл гэгэлзсэн өдрөөр хүүхдийн гийнгоо цангинаж, морьдын хөлс үнэртсэн уяачдын галыг зорьлоо. Бидний эхний очсон гал бол Багахангай дүүргийн Нийслэлийн алдарт уяач Баатарчулууны Дашдоржийнх байлаа. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд хурдан соёлонгоо түрүүлгэж байсан сайн уяач юм. Энэ жил Улсын алдарт уяачийн болзол хангасан юм билээ. Харин өвөө аав нь н.Гүргэнжав гэж хүн 1962 оны улсын наадамд их насны морь түрүүлгэж байсан бөгөөд удам дагасан сайн уяач ажээ. Тэрээр уяа морьдоо зургаадугаар сарын эхээр барьсан гэнэ. Биднийг очиход мориндоо ажил хийхээр явсан учир эзгүй байлаа. Насны дарааллаар уягдсан морьд хазаараа дэрлэн унтаж байхад анхны наадамдаа уралдах дааганууд янцгаан тэднийг цочоох нь өхөөрдөм.
Халзтай том гэрээ газрын дээд талд барьж, түүнээсээ зээглэн хоёр ч жижиг гэр барьсан бөгөөд монгол банхар, тайга үүлдрийн хоёр нохой хуцан гүйх нь сүрдмээр. Эднийх зургаан насны 30 орчим морьд уяжээ. Хурдан мориных нь унаач хүүхэд нохойгоо хорин биднийг буулгаж монгол банхарыг зааж энэ бол сүрээрээ айлгадаг, харин энэ нь хурдаараа айлгадаг хэмээн тайга нохойг заав. Яг л энэ насан дээрээ монгол хөвгүүд, охид шөнө бүр наадмын түрүү зүүдлэж, өдөр бүр морьдоо хайрлаж өсдөг. Уяа нь эвлэж яваа морьдыг харж бахдах, том нохдоос сүрдэхийн завсарт байтал Б.Дашдорж уяач ирлээ. Амар мэнд мэдэлцэн газрын гарц, морьдын уяа гэх ойр зуурын юм ярилцахад л морио гардан уядаг жинхэнэ уяач гэдэг нь мэдэгдэнэ. Том машин хөлөглөж, хаа нэг морьдоо эргэдэг “алдартууд” бол андашгүй л байдаг.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энэ жил уг нь ногоо эрт гарж. Харамсалтай өвөл, хавартаа нийт нутгаар тааруу байснаас отор нүүдэлчид нилээд иржээ. Тэглээ гээд яахав “хаяа багтаж байвал бууж, хамар багтаж байвал идэх”-ээс хойш монгол ахан дүүсээ хөөж туугаад байлтай биш. Тэгээд хангай дэлхий дэлгэнэх нь амархан болохоор ойрын хэд хоногийн борооноор сайхан л болж байна гэсээр биднийг гэртээ орохыг урьлаа. Тэрээр эхнэр хүүхдүүдээ дагуулан иржээ. Уяач хүний эхнэр ч мөн адил догдлон хөөрч, бараг л уяач болдог доо хэмээн хэлээд эхнэр нь зэлгээн цай аягаллаа. Гэрийнхээ хоймроор морьдынхоо медалыг эгнүүлэн өлгөжээ. Голд нь Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн соёолон насны түрүүгээ өлгөсөн байна. тавь, жараар тоологдох медалийн голд хотон шувууны хошуу өлгөсөн нь анхаарал эрхгүй татна. Энэ шувууны хошууг түүнд хуурай дүү нь бэлэглэжээ. Хурдан морь “Хотонгийн хошуугаар хөлсөө шувтруулж. Хулангийн туурайн дээр гишгэх юмсан” гэж боддог гэнэ. Өвөг дээдсээс уламжлан яригдаж ирсэн энэхүү дом маягийн юмыг бодолцож хотон шувууныхаа хошууг ихэд дээдлэх бөгөөд морьдынхоо “хүсэл”-ийг биелүүлж хулангийн туурайгаа уяаныхаа ойролцоо газарт булжээ. Ийнхүү домносныгоо инээд наргиан болгон ярих завсар нь унаач хүүхдүүдийг масктай уралдуулах шийдвэрийн талаар асуухад “Уг нь бол хэцүү л зүйл. Гэхдээ төр засгаас хүн ардаа бодолцоод хүнд хэцүү энэ өвчний үед тийм шийдвэр гаргавал дагахаас яах билээ” гэх нь аргагүй л төрийн сүлд, алтан тууртадаа сүсэглэдэг монгол уяачаас гарах үг гэлтэй. Ардын хувьсгалын 90 жилийн тэгш ойд үзүүлсэн амжилтаа бататгаж, улсын цолтой уяач болоорой гэж ерөөснөөр бид дараагийн галруугаа хөдөллөө.
Нийслэлийн алдарт уяачаар зам заалгасан бид явсаар Төв аймгийн анхны алдарт уяачдын нэг Г.Эрдэнэ-Очирын уяан дээр хүрч очлоо. Г.Элдэв-Очир 1990 оноос хойш хүлэг морьдынхоо хөлсийг хусч, барианы зурхай дээр сэтгэл догдлон хүлээж, эрээн асрын өмнө арвантаа цоллуулж байж. Тэдний уяа Майдар бурханы хөшөөны урд дэнжид өлмийг нь түшээд байх. Сэрүүхэн, ногоотой дэлгэрсэн дэнжид бууснаа олзуурхаж, Майдар бурханы авшиг орших байх хэмээн сүслэж буйгаа хэлж байна лээ. Төв аймгийн “Цэцээ гүн” морин спорт уяачдын холбооны н.Өнөрсайхан, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын залуу уяачдын морьд түүнийг түшиглэн нийлсэн бөгөөд нас, насны 20 орчим морьд “өлгөжээ”. Аав нь Баян-Өнжүүл сумын харьяат хурдан морьтой хүн байж. Төв аймаг хэзээнээсээ уяачид сайтай, улсын наадамд алтан жолоо өргүүлснээрээ хол тасархай газар. Ийм газрын анхны алдартуудын нэг болсон нь түүнийг ямархан энтэй уяач гэдгийг нотолно. Түүний үе тэнгийн, нутаг усны нөхөр нь МУТМУ Д.Онон морьдынхоо уяа сойлгоос гадна амь амьдралынхаа олон зүйлийг зөвлөж явдаг байна. Тэднийх олон талаас нийлсэн болохоор отрын маягтай нэг гэртэй байх аж. Гэсэн хэдий ч сансарын антени зоож, гэрэл асаасан нь өнөө цагийн нийтлэг төрх харагдана.
Дүү нарынхтайгаа нийлээд олон морьд уяж байгаа, дээрээс нь улс, аймаг, сумын наадам нэг өдөр болох учраас тэд морьдынхоо байдлыг харж байгаад сум, аймаг, улсад ямар морьдоо уралдуулхаа шийдэх гэнэ. Тэгэхээс ч аргагүй. Морьдынхоо тамир, уяа сойлгыг мэддэг ямар ч уяач ийм л шийдвэр гаргах нь дамжиггүй. Г.Элдэв-Очир гуайнд ч гэсэн хотон шувууны хошуу, хулангийн туурайн тухай яриа өрнөхөд морьдоо ёслохдоо домнодог гэдгээ хэлж байлаа. Ар бүрдний “Атигар” Чимэд гэж түүний өвөөг дээхнэ үеийн уяачид гэлтгүй моринд дуртай монголчууд андахгүй аж. Цагтаа улсад ч морь оруулж байсан бөгөөд өвөөгийнхөө амжилтыг давтах хүсэл тээж явдагаа нуугаагүй. Ээжийнх нь талаас ч Даншигийн начин Даамиа гэж улсын наадамд бор азаргаа дөрөв айрагдуулж байсан адууны угшилтайгаа ярихдаа эрхгүй сэтгэл хөөрч байгаа нь анзаарагдана. Яг л ийм хөх өвгөчүүл наадмын өглөө тойрч суугаад олон, олон морьдын үүх түүхийг хуучлангаа гаанс нэрж суух нь эрт галавын хүмүүс шиг, үлгэр домог амилах шиг санагддагсан. Өвөл морьдоо тэжээсэн ч хаврын уралдаан болсонгүй. Тиймээс ганцхан наадмаар л бүтэн жилийн хөдөлмөрөө үзнэ дээ хэмээх нь өнөөх л өвөөгийнхөө амжилтыг давтах, ахиулах гэсэн хүслийнх нь гал цухалзсаар байгааг илтгэнэ. Бид Г.Элдэв-Очир гуайгаар ерөөл хэлүүлэн үдүүлээд өнгөрсөн жилийн буюу Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын их насны морины түрүүг бор мориороо хүртсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын уяанд очсон ч тэрээр эзгүй байлаа. Тэднийхтэй хаяа залган 2014 оны баяр наадам шүдлэн үрээгээ айрагдуулж байсан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат уяач Шарын Өлзийгийнх буужээ. Ш.Өлзий уяач энэд зургаадугаар сарын 25-ны өдөр ирж буусан бөгөөд ногоогоо дагаж ийнхүү иржээ.
Ер нь энэ жил Төв аймгийн зарим сумд, Дундговийн нутгаар гандуу байгаа учраас ихэнх уяачид морьдоо аван өвсөө дагаж Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгуудаар гал болон гарцгаасан байна. Эдгээр олон сайхан алтан туурт аргамаг хүлгүүдийн хэд нь Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор аймаг сумандаа, улсынхаа наадамд алтан жолоо өргүүлж унасан хүүхэд, уясан эзэн, ус нутгаа баярлуулахыг хэлж мэдэхгүй. Ямартаа ч уяандаа номхорч унтсан унага бүхэн нь төрийн наадмын түрүү зүүдэлдэг гэдэгт итгэдэг түмний минь уясан бүхэн нь түрүүлж, унасан бүхэн нь жороолох болтугай.
Ай даа, морин туураар дэлхийг тамгалсан морьтон түмний их баяр цэнгэл наадам хазаараа дэрлэн унтах морьдын зүүдэнд айсуй.
Сэтгэгдэл ( 2 )