Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өчигдөр /2020.07.20/ хүлээн авч уулжээ. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн байна.
Сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэжээ.
“COVID-19” коронавируст халдвартай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, Япон Улсын Засгийн газар яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгох зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан байна. Сайд Н.Энхтайван үүнд талархаад “COVID-19”-ийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа тул дээрх дэмжлэгийг ойрын хугацаанд олгохыг хүсчээ. Мөн Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монголын экспортыг дэмжих хүрээнд жишиг үйлдвэр байгуулах санал тавьсан байна.
Талууд Монгол, Японы харилцааг дараагийн дөрвөн жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар ярилжээ.
Сэтгэгдэл ( 3 )
зээл тавьсаар байгаад улс орон хүн ард нь ч өөдлөхгүй юм даа
Японы тусламж нүдээ олсон байдаг. Говь үйлдвэр, цэнхэр автобус, нарны зам, нарны гүүр, сургуулийн өргөтгөл гээд л яг хэрэгтэй зүйлд сэтгэлээсээ тусалж, чанартай юм хийдэг. Баярлалаа.
япончууд л хүнд хэрэгтэй юм хийдэг дээ, баярлалаа