Нэг ангийн сурагчид 2-3 хуваагдаж хичээллэнэ

2020 оны 08 сарын 18

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр (2020.08.18) мэдээлэл хийлээ.


Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Түүнчлэн халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна. Тухайлбал нэг ангийн сурагчдыг хоёр, гурав хуваан хичээллүүлэх бөгөөд нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд байлгах аж.

Эхний ээлжийн анги өглөө 08:00-10:30 хүртэл, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ гэдгийг мэдээллээ.

Үүнээс гадна танхимаар бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээл, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдийг заах аж. Харин бусад хичээлийг теле хэлбэрээр явуулах юм байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Мөн багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгана гэв.

Харин эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ халдвараас хамгаалж, сэргийлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхаа үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэнэ. Харин цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Харин сургуулийн сурагчид, багш, ажилчид бүгд амны хаалт зүүх ёстой гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top