Хөшигийн хөндийн нисэх буудал ДАРГА НАРЫН УГЖ болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Төрд өөрийн гэсэн мөнгө байдаггүй. Төрийн мөнгө гэдэг бол угтаа татвар төлөгч ард иргэдийнх л дээ. Гэвч манай улсын тухайд төрд эрх мэдэлтэй ажил алба хашиж буй нөхөд ард иргэдийн халааснаас татвар нэрийдлээр татаж авсан мөнгөн дээр зайдагнадаг байдал хавтгай. Хамгийн сүүлийн байдлаар ил болоод буй тод жишээ бол Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барьж байгуулах төслийн ард нуугдсан хуудуу юм. Хагас тэрбум ам.долларын зардал бүхий уг төслийг Япон Улсын зээлээр санхүүжүүлж буй. Зээл гэдэг бол Монгол Улсын татвар төлөгч ард иргэдийн халааснаас төлөгдөх өр гэсэн үг. Зээлийг угаасаа төсвийн зардалд оруулж тооцдог. Тэгвэл уг төслийн хэрэгжүүлэгч манай талын нөхөд “Ланд круйзер-200” маркийн машиныг 723 сая төгрөгөөр үнэлж, тооцож авсан гэдгийг аудитын байгууллагаас мэдэгдээд байна. Шинэ нисэх буудлыг барихаар шийдвэрлэсэн 2013 онд “Ланд круйзер-200” машины үнэ 130 сая төгрөг байсан билээ. Тэгээд бодохоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал барих төслийг удирдагчид зах зээлийн ханшийг даруй тав дахин нугалсан үнээр нэг ширхэг “Ланд круйзер-200” машин авсан байх юм.

Төслийн захирал Н.Энхбат хэвлэлүүдээр дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ  өөрсдөдөө огт хир халдаахгүй байгаа. Харин ч 500-гаад сая ам.долларын зардлыг арван хувиар бууруулах хэлэлцээ хийсэн гавьяатай гэсэн юм яриад байна. Тэгвэл уучлаарай, төслийн хүрээнд нийлүүлсэн бараа үйлчилгээний үнийг дээрх “Ланд круйзер-200” машины үнийг тав дахин үржүүлж тооцож оруулж ирсэн шигээ хийдүүлж, өсгөж шингээсэн  бол та бүхний яриад байгаа тэр арван хувийн зардлын хэмнэлт гэдэг чинь худлаа болж таарч байна. Эсрэгээрээ Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдсэн байж таарч байна. Тиймээс төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 13 мянган бараа, үйлчилгээнд аудитаас дахин хяналт, шалгалт хийх ёстой юм. Төслийн зардлаа буулгуулсан учраас бусад бараа үйлчилгээний үнийг хэрхэн яаж тооцож байгаад нь бид хяналт тавих нь бизнесийн хувьд соёлгүй зүйл гэж Н.Энхбат яриад байгаа. Уучлаарай, бизнест харилцан ашигтай байх гэсэн зарчим байдаг. Тэгвэл энэ зарчмын дагуу зардал, хөрөнгө нягтлах санал, хүсэлтээ тавих, оролцоотой байх эрх Монгол Улсад байх ёстой шүү дээ. Төслийн захирлын хэлж яриад буй тайлбарыг өөгшүүлэх шалтгаан харагдахгүй байна.

Ер нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг бүрэн ашиглалтад оруулахгүй удаагаад буй нь төр дэх нөхдийн нэг угж нь болж хувирсантай холбоотой л харагдаж байна. Эргэн санахад, Монгол Улс нисэх онгоцны шинэ буудалтай болохоор долоон жилийн өмнө шийдэж байв. 2013 онд УИХ-аас 18 дугаар тогтоолыг батлахдаа,  шинээр баригдах олон улсын нисэх буудлыг Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар заасан түүхтэй. Бодлогоо цаасан дээр зурагласнаас хойших долоон жилийн хугацаанд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал гэдэг нэртэй Монголчууд бид ээнэгшин дассан гэхэд болно. Биднийг  энд шинэ нисэх буудлын дуусдаггүй үлгэрээ ярьсаар байгааг харж залхсан Японы эрх баригчид хэзээ ашиглалтад орох вэ гэсэн асуултыг аль 2017 онд тавьж байсан билээ.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима гэж нөхөр 2017 онд манай улсад айлчлахдаа Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрбээр шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд барьж дуусах вэ гэсэн асуултуудыг тавьж байв. Харин түүний асуултад тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбат хариулахдаа “2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмж, цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих хурдны зам бидний хүсэн хүлээж буй шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад орно” хэмээн хариулж байлаа. Сайд ингэж хариулснаас хойш даруй хоёр жил өнгөрчээ. Нисэх буудал ашиглалтад орсонгүй. Харин нисэх буудлын мөнгөнөөс цавчаа хийсэн асуудлууд ийнхүү эхнээсээ тодорч эхэллээ. Төслийн удирдлагууд хэчнээн гоёор тайлбарлах гэлээ ч нэг машиныг тав дахин өндөр үнээр тооцож, өөрсдийгөө тав дахин их өрөнд оруулдаг улс манайхаас өөр байх уу?

Нэг “Ланд Круйзер” дээр ингэж цавчаа хийж байгаа юм чинь өшөө өндөр үнийн дүнтэй бараа, зөвлөх үйлчилгээ зэрэг дээр шударга үнэлгээнүүд хийгдсэн гэх баталгаа байна уу. Тийм баталгааг төслийн дарга нар өгч чадах юм уу. Анх яригдсанаасаа хойш арван жилийн нүүрийг үзэхээ шахсан энэ төсөл Монголын эдийн засагт өгөөж дагуулах хүлээлттэй нь үнэн. Харин тэр хүртэл хэдэн том дарга нарын угж болоод баларч байх шиг.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.48.206.104) 2020 оны 08 сарын 23

Шинэ нисэхийг мeнeжмэнтээс нь эхлээд бүгдийг нь япончууд хариуцаад байсан биш үү

0  |  0
Зочин(64.119.21.41) 2020 оны 08 сарын 23

Тер темер нуурээ харуулж шалгалт оруулах хэрэгтэй

0  |  0
123(203.91.112.133) 2020 оны 08 сарын 22

ичиж үх, дарга нараа, яаж хулгайч царайлаад хүний нүүр харж чаддаг юм болоо.

0  |  0
Цавчаа(103.229.120.19) 2020 оны 08 сарын 22

Энхбат цавчааны загалмайлсан эцэг

0  |  0
ү(220.221.65.174) 2020 оны 08 сарын 21

Төрийн байгууллагад ийм үзэгдэл хэвийн болоод удаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бусад байгууллагыг хянах нь битгий хэл өөрсдөө авилгал, мөнгөөр ажил хийдэг, чадваргүй мэргэжилтэнгээр дүүрсэн газар болсон байгаа.

0  |  0
Иргэн(192.82.77.195) 2020 оны 08 сарын 22

Энэ нийгэмийг өөрчлөж байж энэ новшнуудад ял өгнө үү гэхээс

1  |  0
а(203.91.119.147) 2020 оны 08 сарын 21

Бүх юман дээр шахаа цавчаа орж байгаа шдээ. Сайн шалгах хэрэгтэй

0  |  0
зочин(192.82.68.10) 2020 оны 08 сарын 21

ийм хэл амтай шуналын шүлс орсон байгууламж ирээдүйтэй байж чадах болов уу

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 08 сарын 21

энэ байгууламж дэлхий дээрхи хамгийн их зардалаар боссож байгаа барилга,мөнгийг яаж угааж байгаа сонгодог жишээ хэ хэ

0  |  0
Цавч(202.179.26.158) 2020 оны 08 сарын 21

Цавчаа хийсэн этгээдүүдийг бүгдий нь илрүүлж өөрсдийг нь цавчих хэрэгтэй. Гүйцээ.

0  |  0
zochin(150.129.143.4) 2020 оны 08 сарын 21

KHUTSATSGAAKHAA BOLIOCH . DANDAA KHARDAJ SERDSEN , LALARUUD

0  |  0
zochin(49.98.150.224) 2020 оны 08 сарын 21

iim shn zuil Belen bolgood ugsun bhad hurdan turgen thag aldalgui ajilluulahgui hooson bailgaad bdag Mgl uls duursen durak yum aa ⁉️ ymar muzii bich de ... uter turgen achgallaltand orul.ch

1  |  0
Зочин(202.55.188.94) 2020 оны 08 сарын 21

Энэ төслийн анхны зардал 3 дахин ихэссэн боловч дуусаагүй л байна. Үүнд рекетчин ерөнхийлөгчин гар дүрээстэй хэвээр байгаа шүү.

0  |  0
Зочин(64.119.20.132) 2020 оны 08 сарын 21

Яаралтай шалга

0  |  0
Хүүк(64.119.25.19) 2020 оны 08 сарын 21

Үе үеийн хулгайч нартаа итгэн хулхидуулах Монголчууд нэг хөөрхий

0  |  0
зочин(202.170.68.38) 2020 оны 08 сарын 22

Хэзээ нэгэн цагт хуулийн байгууллага дуудна шүү ашиглалтанд орох хугацаа олон удаа хойшилсон энэ бүх асуудал ажил хариуцсан хүмүүстэй холбоотой

2  |  0
Top