АНХААР: Өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 30

Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгүүдийг тодорхой журмын дагуу хичээллүүлэхээр болсон ч зарим асуудал тодорхой бус байгаа. Тухайлбал, Өдөр өнжүүлэх төвүүд ажиллах эсэх, хувийн цэцэрлэгүүдийн тарах цагийг 18.00 болгох нь гэх мэт яриа олон нийтийн дунд гарчээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Салбарын сайдын А/17 дугаар тушаалаар цэцэрлэгүүд өдрийн дэглэм буюу хүүхэд хүлээн авах, тарах цагаа өөрсдөө  зохицуулна. Яамнаас тарах цагийг 18:00 болго гэсэн чиглэл өгөөгүй” гэсэн хариулт өглөө. 

Харин Өдөр өнжүүлэх төвүүд ажиллахгүй гэх мэдээлэлд БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллана. Гэхдээ зохих журам баримталж ажиллана” гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн ШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Яамнаас Өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Өдөр өнжүүлэх төвд тавигдах нийтлэг шаардлагууд байгаа. Тэр шаардлагыг тухайн аймаг, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл Ажлын хэсэг байгуулан хянаж, Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд анхаарал тавина. Хэрвээ эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой нөхцөлд орон нутаг шийдвэр гаргах боломж нээлттэй байгаа. Улсын хэмжээнд маш олон хүүхэд сургуульд суралцана. Тэдгээр хүүхдүүдийн  эцэг, эхчүүд  ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top