А.Тэнгис: Олон дүүтэй болохоор ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ болохыг хүссэн

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Цахим орчинд нэгэн аав хүүгийнхээ тухай пост оруулсан нь олон нийтэд эерэг уур амьсгал түгээсэн билээ. Тэрхүү пост “Миний хүүг А.Тэнгис гэдэг МУБИС-д цэцэрлэгийн багшаар суралцдаг. Хичээлийхээ амралтаар гар утас засдаг юм. Хүүг минь дэмжээд утсаа засуулаарай” гэсэн утгатай. Энэ “зар”-ын дагуу олон хүн хүүгээр утсаа засуулжээ. Бэлэнчлэх биш хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг харуулж яваа А.Тэнгистэй цөөн хором хөөрөлдсөн юм.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Амгалангийн Тэнгис гэдэг. Одоо 21 настай. Аав, ээж, дүү нартайгаа амьдардаг. “Ирээдүй” цогцолбор сургуулийн нэгдүгээр ахлах сургуулийг төгссөн. Есдүгээр ангиа төгсөөд, МСҮТ-ийн автомашины засварын ангийг гуравдугаар зэрэгтэй дүүргэсэн.

-Гэрийнхэн нь МСҮТ-д сурах шийдвэрийг нь хэрхэн дэмжсэн бэ?

-Аав, ээж маань намайг их дэмжсэн. Багаасаа гарын ур дүй сайтай байсан болохоор оролдоод үз л гэсэн дээ.

-Автомашины засвараар төгсөөд, энэ мэргэжлээрээ ажилласан уу?

-Мэргэжлээ дээшлүүлэх гээд цахилгааны инженэрээр нэг жил сураад, сурах явцдаа өөрийгөө тоос, ургамлын харшилтай гэдгээ мэдсэн. Тэгээд л орхихоос аргагүй болсон. 

-Одоо МУБИС-д цэцэрлэгийн багш болохоор сурч байгаа юм байна. Цэцэрлэгийн багш гэдэг мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв? Хэн чамд санал болгосон бэ?

-Би 6-15 насны гурван дүүтэй. Ээж, аав хоёр ажилтай байх үед дүү нараа харна. Энэ л их том түлхэц болсон. Цэцэрлэгийн насны дүүтэй болохоор судалгаа хийх илүү ойр ажиллах боломжтой. Би өөрөө ч хүүхдээрээ зантай, тэр зан минь их нөлөөлсөн байх.

-Ээж, аав нь ямар ажил хийдэг вэ. Хүүхдүүдийн хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүс бол аав, ээж нар шүү дээ?

-Ээж маань "Авьяас" хүүхдийн ордныг үүсгэн байгуулалцаж, аав маань бас тэнд багшаар ажилладаг. Ихэнхдээ сургуулийн насны хүүхдүүдэд зориулж дугуйлан хичээллүүлдэг. Хүмүүс болохоор “Цэцэрлэгийн насны хүүхэд авах уу” гэж их асуудаг. Одоохондоо тэгэх боломж хараахан бүрдээгүй байгаа. Тэд нарыг хараад л яагаад цэцэрлэгийн багш болж болохгүй гэж бодсон. Цаашид аав, ээжийнхээ ажилд туслаад, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хөгжүүлэх, мэргэжлийн талаас зааж зөвлөх гээд төлөвлөсөн зүйл маш их байгаа. Гэрийнхэн маань миний энэ хүслэг шууд дэмжсэн. Элсэлтийн шалгалтаа өгөөд, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын багшийн ангийг сонгосон.

-Найзууд нь таны сонгосон мэргэжлийг хэрхэн хүлээж авав. Эрэгтэй хүүхэд цэцэрлэгийн багш болох нь тийм ч түгээмэл сонголт биш шүү дээ?

-Эхэндээ шоолж л байсан /инээв/. “Үгүй байлгүй дээ, зүгээр математик юм уу, монгол хэлний багш болохгүй яасан юм бэ” гээд л бүгд гайхсан байдалтай. Одоо бол тоохоо больчихсон. 

-Сургуульд эрэгтэй оюутнууд хэчнээн байдаг вэ? 

-Дөрвөн курс дунд арван эрэгтэй оюутан байгаа байх. Маш цөөхөн дөө. Эрэгтэй оюутнууд төгсөөд арга зүйч юм уу, эрхлэгчээр ажиллах боломж маш өндөр. Олон охид дунд сурахад эхэндээ эвгүй л байсан. Одоо ч дасчихсан.

-Дадлагаа хаана хийсэн бэ. Олон бага насны хүүхдүүдэдтэй ажиллах хэр байв. Сандарсан уу?

-Би дадлагаа 118 дугаар цэцэрлэгт хийсэн. Анх ороод жаахан сандарч л байсан. Олон хүүхэд харахаар яг яахаа мэдэхгүй, яаж харилцахаа мэдэхгүй байсан. Тэгээд багштайгаа ярилцсан чинь “Өөрийнхөө нүдээр биш хүүхдүүдийн нүдээр хараад, тэдний ертөнц рүү ороод үз” гэж зөвлөсөн. Хүүхдүүдээ судлаад юу хийлгэвэл сонирхолтой бол, ямар тоглоом тоглуулах вэ гээд бүх зүйлд сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хүүхдүүд бол цагаан цаас шиг. Бид юу зааж өгнө тэр зүйлийг сурдаг. Цэцэрлэгийн багш маш хариуцлагатай ажил гэдгийг улам бүр ойлгож байгаа. 

-Дадлагаа хийж байхдаа хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ. Хүүхдүүд дунд орж ажиллахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Хүүхдүүдэд хичээл заахаар "Ах аа" гээд зарим нь "Багш аа" гэж дуудаад, шинэ зүйл зааж өгөхөөр ямар гоё юм бэ гэж гайхаад л үнэхээр хөөрхөн. Урлагийн үзлэгт бэлтгэхэд нь хүүхдүүдэд тусалсан. Их сайхан байсан. 

-Таныг гарын ур дүй сайтай гэж аав нь магтсан. Чимхлүүр нарийн ажилд дуртай юм шиг?

-Ер нь дуртай шүү. Тийм болохоор өвлийн амралтаараа Гар утас засварын сургалтанд сурсан юм. Сургалтдаа сурч байх үед ч гэсэн хүмүүс “Гар утсаа янзлуулъя” гэж захиалга өгдөг байсан. Цаашдаа ч хичээлийнхээ хажуугаар хийх сонирхолтой. Одоохондоо гэрээр хийж байгаа. Гар утасны сэлбэг цуглуулах гэж хичээж байгаа ч нэг л сайн цугларч өгөхгүй л байна.

-Долоо хоногт дунджаар хэдэн утас засдаг вэ. Гэрээр очиж утас засахад хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Долоо хоногт 15-20 хүн залгаж, үнэ ханш асуудаг. Хүн болгоны боломж өөр болохоор тэдний 5-10 хүн нь л үйлчилгээ авдаг. Байнгын үйлчлүүлэгч хараахан байхгүй. Гэрээр очихоор зарим хүмүүс “Чи ийм жаахан байж гар утас засаж чадах уу” гэж асуудаг. Тэр болгонд нь ойлгуулаад хэлэхийг их хичээдэг. Заримдаа дүү нараа хараад гэрээс гарч чадахгүй байвал үйлчүүлэгчдэдээ үнэн учраа хэлж ойлгуулаад, гэртээ засдаг.

-Цаашдын тань зорилго, мөрөөдөл юу вэ?

-Би дохионы хэл сурч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах нь хомс байдаг. Сургуульд орох үедээ бага зэрэг хоцрогдолтой байдаг. Тийм болохоор тэр хүүхдүүдийг илүү дэмжиж, цаашдын амьдралд нь бага ч гэсэн тус нэмэр болох юмсан гэж боддог. Аав, ээжийнхээ ажлыг илүү өргөжүүлээд явна л гэж боддог доо.

Э.ЛХАМНОРЖИН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Тэнгис /Seanardo/ (66.181.187.219) 2021 оны 07 сарын 31

Сайн байцгаана уу? \nЮун түрүүнд энэ зурвас ирэх цаг хугацааны мэнд хүргэев \nБи энэ ярилцлаганд орсон А.Тэнгис байна. Миний бие сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа мөн Өглөөний сонингийн хамт олон Э.ЛХАМНОРЖИН сэтгүүлчдээ талахал илэрхийлж байна. бүгдэнд нь эрүүл энхийг хүсэе. \nЖич: утас засуулхаар бол залгаарай ххэ. 95406349, 91203322 \nХүндэтгэсэн: А.Тэнгис /Seanardo/

1  |  0
Z(202.9.46.222) 2021 оны 07 сарын 31

Ямар хөөрхөн хүүхэд вэ ,хүүхэд бүхэн хууль эдийн засаг гэж шуурч байхад маш ухаалаг сонголт хийсэн байна. Томоос том амжилтыг хүсэн ерөөе

3  |  0
Zochin(192.82.67.220) 2021 оны 07 сарын 31

Amjilt

3  |  0
Зочин(64.119.24.48) 2021 оны 07 сарын 31

Амжилт хүсье. Гайхалтай мундаг хүү байна.

4  |  0
ГБямбаа(202.9.46.66) 2021 оны 07 сарын 31

СӨБийг сонгосон нь бидний үеийн Оросын сурган хүмүүжүүлэгч Занковский санаанд орлоо Тэр маш үр дүнтэй ажиллаж байсан миний дүү түүнээс илүү амжилт олоорой Энэ мэргэжил миний дүүг амжилтад хүргэнээ

4  |  0
Ymar saihan medee we(64.119.24.182) 2021 оны 07 сарын 31

saihan howor hvv bna. Nulims goijih ni kkk. Odoo tsagt iim sahan setgeltei hvn olon boloosoi

4  |  0
Zichin(202.126.89.228) 2021 оны 07 сарын 31

Setgel sergeel yavchlaa mundag hvv bn

3  |  0
Зочин(66.181.161.5) 2021 оны 07 сарын 31

Дүүдээ амжилт хүсье, мөрөөдлөө биелүүлээд сайхан амьдраарай.

3  |  0
зочин(49.0.212.220) 2021 оны 07 сарын 31

яасансүрхий хүү вэ амжилт хүсье

4  |  0
irgen(119.40.103.3) 2021 оны 07 сарын 31

setgeleesee, huurhun huu bna, amjilt husye. chin setgelee bitgii aldaarai

3  |  1
Top