Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг болон “Саруулхан”, “Нар” хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд ажиллаж, Улсын онцгой комиссын даргын албан даалгавар, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай таван сайдын хамтарсан тушаалын хэрэгжилт орон нутаг, сургалтын байгууллага дээр ямар байгаатай танилцлаа.
280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2020-2021 оны хичээлийн жилд 16 дугаар хорооны 3-5 настай 504 хүүхдийг хамран сургахаар бүртгэж, бэлтгэлээ хангасан гэж 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ярилаа. Таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд өөрийн анги, танхимын боломжоос давсан хүүхдүүдээ төрийн бус өмчийн ойролцоох цэцэрлэгүүдэд шилжүүлэн сургах зохион байгуулалтыг хийсэн гэдгээ танилцуулав.
Сайд Л.Цэдэвсүрэн энэ хичээлийн жил “СОVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх учраас ариутгал, цэвэрлэгээгээ тогтмол хийж, дархлаа дэмжсэн хоол, хүнс сонгож, эцэг, эхтэйгээ хамтран, ойлголцож ажиллахыг зөвлөв. Улсын төсвийн зардлаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн зэрэгцээ кварцын гэрэл, халуун хэмжигч олгоно, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж, тэднээс дэмжлэг авч авч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
Дараа нь Баянзүрх дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг “Саруулхан”, “Нар” төвүүдийн байраар орж, орчин нөхцөлтэй нь танилцаж, хүүхэд харагчдын санал бодлыг сонсов.
Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээг үзүүлээд эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг Хүүхэд харах үйлчилгээний төв Баянзүрх дүүргийн хувьд 50 гаруй байдаг байна.
Хүүхэд харах төвүүд ажиллах журам, стандартын дагуу бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа танилцуулж, цаашид боловсролын мэргэжлийн нэг хүн хамт ажиллаад явбал бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн боловсрол олгох, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой гэж саналаа хэлж байв.
Сайд Л.Цэдэвсүрэн Хүүхэд харах төвүүд хэдийгээр боловсролын үйлчилгээ үзүүлдэггүй ч, бага насны хүүхдийг хамгаалах, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )