Энэ онд буцалтгүй тусламжаар баригдсан таван сургууль ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухаан яам Эрүүл мэндийн яамны Мэдээллийн цагт хамтран оролцож, бодлого, зохицуулалттай холбоотой тодорхой мэдээллийг хүргэсээр байна. Өнөөдрийн мэдээллийн цагт БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын 2020 оны төсөвт Боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 596 төсөл арга хэмжээг 556,1 тэрбум төгрөг, үүнээс 324 шинэ, 272 шилжих хөрөнгө оруулалт батлагдаж, анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, 2 ээлжид шилжүүлэх, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгох, оюутны дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүллээ.

Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41 цэцэрлэгийн барилга өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2020-2021 он дамжин нийт 104 их засварын ажлын дундаж 92 хувьтай хэрэгжиж, 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар бүрэн дууссан, 14 барилгын их засвар дуусах шатандаа орсон бол 17 барилгын их засварын ажил 2021 он дамжин хэрэгжихээр байна.

Нийт 45 цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах, 15 сургуульд тавилга тоног төхөөрөмж олгох ажил хийгдсэн. Энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгоод байна.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа Хятадын буцалтгүй тусламжаар 2, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 сургууль ашиглалтад ороод байна. Үлдсэн таван сургууль нь энэ онд багтан ашиглалтад орно. АНУ-ын цэргийн тусламж болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа сургууль цэцэрлэгийн барилга өргөтгөх ажил үргэлжилж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top