ТАНИЛЦ: Монголын анхны НЭГ ХҮНИЙ ОФФИС

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Хувь хүнийхээ орон зайг мэдэрч, өөртөө цаг гарган, ажлаа амжуулах боломжтой цав цагаан оффисын өрөө таныг хүлээх болжээ. 

Монголд анхдагч гэж хэлж болох НЭГ ХҮНИЙ ОФФИС нээгдсэн даруйдаа хүмүүсийн анхаарлыг татаж, хэдийнэ үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан байв. 

Өөрт тулгарсан асуудлаа бизнесийн санаа болгон хэрэгжүүлж, нэг хүний оффисыг үүсгэн байгуулсан залууг Энхтөрийн Буян-Ундрах гэдэг. Сошиал орчинд түүнийг Соло нэрээр танина. Шинэ оффисоо тэрээр “Solo space” гэж нэрлэжээ. 

Түүний шинэ ажлын байр нийт 10 өрөөтэй аж. Дотоод засал нь энгийн бөгөөд хүмүүс бие биедээ саад болохооргүйгээр буюу минималь байдлаар орчныг тохижуулсан байв. Цав цагаан хана, саарал сандал ширээг өрөө бүрт байрлуулж, интернэт холбох утас болон өндөр хурдны утасгүй интернэт суурилуулжээ. 

Э.Буян-Ундрах “Манай оффис ганцаараа төвлөрч суух хамгийн тохиромжтой орчинтой. Хүмүүст гэртээ хичээлээ хийх эсвэл бизнес санаа төсөл боловсруулахад саад болох зүйл олон байдаг. Энэ асуудал өөрт минь тулгарч байсан. Хамтын оффист суух боломж байдаг ч заавал гишүүнчлэлтэй байх гэх мэт шаардлагатай. Зарим үед би кофе шопд суудаг байсан ч тэнд маш их дуу чимээтэй гэх мэт хүндрэлүүд гардаг. Энэ бүхнээс үүдээд нэг хүний оффис нээх санаа төрсөн" гэж Монголд анхлан нээсэн үйлчилгээгээ танилцуулав. 

Тэр цаашид хийх ажлынхаа жагсаалтыг тодорхой гаргаж, “Одооноос залуучуудад зориулсан шийдэл нэмж олно” гэсэн зорилго тавьсан байгаа аж. Тухайлбал, залууст зориулж Монголын болон дэлхийд алдартай бизнес эрхлэгчдийн нэрээр нэрлэсэн, тэдний онцлогийг гаргасан, сонин содон өрөө тохижуулна гэлээ. 

Нээлтийн өдрийн анхны зочдын нэг  Ж.Номинзул “Өрөөний тохижилт болон дуу чимээгүй байдал нь маш их таалагдлаа. Би хэдэн сарын өмнөөс шалгалтад бэлтгэж эхэлсэн боловч бага насны хүүхэдтэй учир гэртээ төвлөрч суух боломж бүрддэггүй байсан. Тиймээс кофе шоп ч юм уу, өөр аль тухтай гэсэн газрыг сонгож, олон цагаар суудаг байсан. Харин нэг хүний оффис нээгдсэнийг өчигдөр мэдээд, өнөөдөр өглөө бараг хамгийн түрүүнд ирсэн. Аз болж нэг ч хүн байгаагүй. Одоогийн байдлаар бараг бүтэн өдөр жин суусан байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Нэг хүний оффист өрөө түрээслэхэд нэг цаг нь 2000 төгрөг, нэг өдрийнх 10000 төгрөг, нэг сарын хугацаанд суух захиалга өгвөл 200.000 төгрөг байх ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
u4(103.10.23.8) 2020 оны 09 сарын 11

Зөв санаа байна.............. хаалгагүй юм уу..........

0  |  0
Haana baidag be(202.55.188.42) 2020 оны 09 сарын 10

Сайхан санаа байна хаяг

0  |  0
Haana baidag be(202.55.188.42) 2020 оны 09 сарын 10

Сайхан санаа байна хаяг

0  |  0
Top