Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан "ХУБИЛАЙ ХААН ба МОНГОЛ ЖАНЖИД" тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2020.09.23/ Монголын Үндэсний музейд нээж байна.
Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан юм.
Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монгол гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрүүдийг дээжлэн Эрхэм үзэгч танаа толилуулж байна.
Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдарын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл билээ. Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэжээ.
Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг олгож буй энэ үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, "Мөнх тэнгэрийн цаг" ТББ, "Чингис хааны лаан баримлын музей"тэй хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр 15 цагт Монголын Үндэсний музейд болно.
Сэтгэгдэл ( 0 )