А.Нямдаваа Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын анхны АЛТАН МЕДАЛИЙГ авчирлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалийг авчирсан А.Нямдаваа өнгөрсөн жил мөн Монгол Улсын анхны мөнгөн медалийг хүртэж байсан юм.


Олон улсын мэдээлэл зүйн 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдлаа. 

Тус олимпиадад дэлхийн 88 орноос шалгарсан сурагчид оролцсоноос Монгол Улсын “Сант” сургуулийн сурагч Амарын Нямдаваа АЛТАН МЕДАЛИЙН болзол хангасан байна.

А.Нямдаваагийн амжилтын талаар Математикийн багш С.Цагаан сэтгэгдлийг илэрхийлжээ.

“Олон улсын мэдээлэл зүйн олимпиад буюу IOI2020-д (Дэлхийн сурагчдын програмчлалын олимпиад) дэлхийн өнцөг булан бүрийн 88 орноос шалгарч, онлайнаар оролцсон 347 оролцогчоос 27 дугаар байрт жагсан, журмын дагуу АЛТАН МЕДАЛИЙН болзол биелүүллээ.

Мэдээлэл зүйн олон улсад манай баг 20 гаруй жил оролцохдоо гурван хүрэл медаль авсан бөгөөд өнгөрсөн жил А.Нямдаваа өөрөө шинэ түүх бүтээж, анхны мөнгөн медалийг авч байсан. Энэ түүхээ өнөө жил дахин арвижууллаа. “Сант” сургуулийн  арванхоёрдугаар  ангийн сурагч, арваннэгдүгээр  ангид байхдаа амжилт гаргасан гэж тооцогдоно. "Ковид"-оос болж зуны ажлууд түр хойшлогдсон. “Соёмбо” бага сургуулийг төгсөөд, IMC (Бага, дунд ангийн сурагчдын математикийн олон улсын хамгийн том олимпиад)-аас анхны алтан медалийг авчирч байсан. Улмаар  дөрөвдүгээр ангидаа мөнгө, тав болон зургаадугаар ангидаа алт,  долоо, наймдугаар ангидаа тус бүр мөнгө авсан санагдаж байна. Батцэнгэл багшийн удирдлагаар эдгээр жилүүдэд хичээллэн өндөр амжилт гаргасныг бид бүхэн санаж байгаа. Атгасан гараараа хүн цохиод өвтгөж чаддаггүй туниа муутай хүү байгаа юм гэж багш дурсан ярьдаг, сэтгэл зүй мундагтай мундаг амьтан байгаа юм гэж магтдаг нь үнэн юм байна.

Одоо 2-3 хоногийн дараа мөн л математикийн дэлхийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багт алба хаах бөгөөд зун болсон сорил олон улсын олимпиадаас алт авчихаад бэлтгэл нь жигдрэн байгаа сурагч юм.

Хэрэв энэ жил физикийн дэлхийн олимпиад болсон мөн л тэрээр улсаа төлөөлөн эрх авч чадах байсан боловч "Ковид"-оос болж цуцлагдсан. Математик, мэдээлэл зүйн олимпиад цаг хугацааны хувьд онлайнаар оролцох бололцоотой таарлаа. 

Шинжлэх ухааны гурван том төрлөөр дэлхийгээс медаль авч гайхамшиг бүтээх юм байлгүй дээ, энэ залуу. Багш нар, дэмжигчдэд нь баяр хүргэе. Эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе, хүндэтгэе!”
 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл харах холбоо https://ranking.ioi2020.sg/


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.70.86) 2021 оны 05 сарын 03

Сайн хүү дээ. Ах нар нь чамд баяр хүргэе. Батцэнгэл бидэн дээр дагуулж ирээд бид анхны болон 2.3 дахь олон улсын олимпиадын зардлыг нь дааж байлаа. Аав ээж, ах дүү, эх орондоо эрдмийнхээ үр шимийг хүртээж явахыг хүссэн ерөөе.

1  |  0
зочин(202.70.38.18) 2020 оны 09 сарын 24

баяртай сайхан мэдээ бна. баяр хүргье.\n

0  |  0
зочин(66.181.166.231) 2020 оны 09 сарын 24

Баяр хүргье.\n

0  |  0
Top