Эзэнгүй боловсролтой ЭЛСЭГЧГҮЙ СУРГУУЛИАР ДҮҮРЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын боловсролын тогтолцоонд нүүрлэсэн аюулын тухай эрдэмтэн мэргэд гэнэт ярьж эхэллээ. Гэнэт сэрсэн учир нь гэвэл Кембрижийн стандарттай сургуулийн тоог нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувьд хүргэх асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах эсэхтэй холбоотой юм. Нөгөө талаар зөвхөн төлбөрийн хойноос хөөцөлдсөн чанаргүй их, дээд сургуулийн асуудал ч дөрөө харшуулан дэгдэв.

Хувийн хэвшлийн олон сургууль үүд хаалгаа барьж байгаа ч зарим нэг нь “Хойд хормойгоо авч урьд хормойгоо нөхөж” байгаа нь бүр ч асуудал үүсгэж байна. Учир нь элсэгчгүй,  хөрөнгө оруулалтгүй болсон сургуулиас боловсролын чанар, сайн боловсон хүчин харалтгүй юм. Тийм дээ ч боловсролын талаар бүхий л шатанд шүүмжлэл өрнөж, энэ тухай ихэд ярих болсон нь сайн хэрэг. Аливаа асуудлыг хаа сайгүй яриад эхлэхээр анхаарал хандуулдаг тал бий учраас боловсролын салбарт ойрын ирээдүйд шинэчлэл хийгдэх магадлалтай. Энэ тухай ч салбарын сайд Л.Цэдэвсүрэн байр сууриа илэрхийлж байсан.

Түүнээс бус Монгол Улсын боловсрол эзэнгүйдсэн байв. Салбарын нэг сайдаас нөгөө сайдын хооронд шинэчлэл ярьж, нэг түшмэдээс нөгөө түшмэд хүртэл өөрчлөлт оруулсан болж явсаар дампууралдаа тулчихаж. Үнэн хэрэгтээ урьд өмнө стратегийн гол салбарыг мэргэжлийн гэх хүн ч удирдаж байсан нь ховор. Ялсан намын нэг улстөрч бодлого тодорхойлох тухай ярьж суудаг байв.

Яг одоогийн байдлаар нэг хэсэг нь Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь үндэсний хөтөлбөрийг дэмжсэн маргаан өрнөж байна. Энэ нь яах аргагүй хоёр талтай асуудал хэдий ч Кембрижийг дэмжиж байгаа талд гол төлөв хувийн хэвшлийнхэн байгаа нь бас л нэгэн ашиг сонирхол нуугдаж байна гэх. Тус асуудал нь сүүлдээ шийдвэр гаргах түвшинд чамгүй маргаан дэгдээж, өдгөө ч эцсийн шийдвэр гараагүй байна. Тийм ч амар шийдэлд хүрэхгүй асуудал байх. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад гадна, дотнын хөрөнгө оруулалттай, өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуульд олон бий. Энэ хэрээр эцэг эхчүүд хүүхдүүддээ дэлхийн хэмжээний өндөр боловсрол олгохыг зорьж байгааг бас л буруутгах аргагүй. Хэтэвчнийхээ хэмжээгээр л хүүхдээ сургаж байгаа хэрэг.

Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль буюу "International school of Ulaanbaatar" сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна. Жилдээ 73 сая төгрөгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулж байгаа эцэг эхчүүд дэлхийн хэмжээний л боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа учраас Кембрижийн болон олон улсын хэмжээний бусад хөтөлбөрийг Монгол Улсад суурьшуулахыг шууд утгаар нь үгүйсгэж болохгүй байгаа юм. Гагцхүү үндэснийхээ хөтөлбөр, уламжлалт соёл ахуйтайгаа уялдуулах талаас нь анхаарах учиртай болов уу.

Бага, бүрэн дунд боловс­ролын түвшинг үнэлэхэд дунджаас доогуур гарсан гэдгийг салбарын сайд нь өөрөө хэлсэн. Кембрижийн олон улсын хөтөлбөрийг одоогоор Монгол Улсын 21 сургууль хэрэгжүүлдгийн  гурав нь улсын сургууль аж. Бид энэ гурван сургуулийг байгуулахын тулд багш нарыг сургах гэх мэтээр  хоёр жилийн хугацаанд бэлдсэн байдаг ч өдгөө маргаан дагуулсаар.

Тэгвэл нөгөө талд даяаршиж буй өнөө цагт Монгол үндэсний боловсролын хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Олон улсад Монгол хэмээн тунхаглаж үлдэх зүйл бол энэ юм. Тэгэхээр өдгөө дээр дооргүй маргаан дэгдээгээд байгаа боловсролын асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн үндэсний утга, уран зохиолоор дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх, тэр тусмаа хүн болгох тал дээр анхаарах нь юу юунаас чухал байгааг ч дуулгаад эхэлсэн. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш боловсролынхоо системд хэд хэдэн удаа өөрчлөлт хийсэн гэх боловч тодорхой үр дүнгийн талаар салбарынхан хариу өгдөггүй. Үүнээс харвал яах аргагүй шинэчлэл нэртэй хийрхэл нэг хэсэг явсан гэж болохоор.

Монгол Улс орчин цагийн боловсролын системын суурь 1921 онд хойд хөршийн тусламжтайгаар тавигдсан гэж үздэг. Энэ л системээр ерээд оны дунд үе хүртэл явж ирсэн байдаг. Социализмын үед их, дээд сургууль тоотой хэд байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш их, дээд сургууль, коллежийн тоо бараг 200 орчим хүртлээ өссөн. Харин сүүлийн жилүүдэд хувийн их дээд сургуулиуд үүд хаалгаа барьсаар 100 хүрэхгүй болжээ. Энэ нь олон улсын чанартай боловсрол орж ирсэнтэй ч холбоотой байх.

Мөн нэг зүйл байгаа нь сүүлийн жилүүдэд Мэргэжлийн сургалт үйлдвэр төвүүд олноор үүд хаалгаа нээсэн нь хувийн хэвшлийн дээд боловсрол олгодог сургуулиудын тоог эрс цөөлсөн байж таарна. Тэр тусмаа уул уурхай бусад бүтээн байгуулалт дагасан, түүнийг түшиглэсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олон бий болсон. Тус төвүүдийг төгссөн хүүхдүүд шууд ажлын байранд очих учраас элсэгчдийн тоо олон болсон гэдэг. Өдгөө ч Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах хөнгөн үйлдвэр барихаар ажиллаж, мөн тэнд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барихаар төлөвлөжээ. Энэ мэтээс харахад хойшид ч их дээд сургуулиудын тоо эрс багасах хандлага байгаа юм. Түүнээс өмнө төлбөр авч найр тавьсан их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн тааруухан боловсон хүчин олширч, энэ хэрээр ажилгүйдэл газар авч байв. Харин өдгөө энэ байдал дээрдэж байгаа нь олзуурхууштай хэрэг.

Өнгөрөгч 2019 онд нийт их, дээд сургуульд элсэгчдийн тоо 50 хувиар буурсан үзүүлэлт байсан бол энэ жил бас л буурчээ. Ердөө 2017-2018 онд 36 мянган хүүхэд их, дээд сургуульд элсэж байсан бол нэгхэн жилийн дараа 10 гаруйхан мянган элсэгч авсан мэдээлэл байгаа нь үүнийг харуулна. Энэ жилийн хувьд ч цар тахлаас үүдэлтэйгээр их дээд сургуулиуд есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй учраас энэ сарын сүүл хүртэл нэмэлт элсэлт авахаар зарласан ч амжилт олоогүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.  Харин 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1435 цэцэрлэг, 834 ерөнхий боловсролын сургууль, 93 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Одоогийн байдлаар “Их засаг” их сургууль, “Отгон тэнгэр”, Этүгэн”, “Сити”, “Хүмүүнлэг” гэх мэт цөөн сургууль доголдолгүй ажиллаж бусад хувийн хэвшлийн сургууль үүд хаалгаа барихдаа тулжээ. Гэхдээ дээрх сургуулиуд нэмэлт элсэлт зарлаж байгаа нь бас л таатай бус байгааг илтгэнэ. Мөнхүү Монголын хамгийн олон оюутантай, хамгийн шилдэг гэх мэт ташуурын үгтэй Монголын Үндэсний Их Сургууль хэмээх айл зах зээлийн ороо бусгаа цагт амьдрах л гэж яваа нэг байгууллага болохоос “Хамгийн том”, “Хамгийн шилдэг” гэх тодот­гол үнэхээр илүүднэ. Түүнээс бус энэ сургуулийн хамгийн шилдэг, хамгийн том гэдэгт хэн ч итгэхгүй. Төгсөгчид, оюутнуудаас нь асуусан ч үүнийг хэлээд өгнө. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар тус сургуулийн зарим анги танхим ч элсэгчгүй шахам байгааг дуулгаж байсан.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dn(43.242.243.108) 2020 оны 09 сарын 29

Odoo boli! Yunii kembrj memberj ve? N. Uchiral gej bas erguu banid iim sanaa gargaj undesnii hutulburt tushaa boloh gej bn uu? Iim bj hudlaa undesniibichig uv soyol gej ireed gadaad dotoodgui oriloldoo bh hereg alga . Mongol ulsiin undesnii hutulbur hezeech gadnii duuraimaluudiin dor doromjlogdoh yosgui!!!

0  |  0
dd(103.57.93.38) 2020 оны 09 сарын 28

buun diplomtoi ajilgvichvvd....

0  |  0
Зочин (202.126.90.120) 2020 оны 09 сарын 28

Жилийн төлбөр 73 сая гэтэл бид 70 сая хүрэхгүй байрны лизинг төлөх гэж махийж байдаг бид яаж ч амьдраад байгаа юм бүү мэд

0  |  0
zochin(58.109.221.157) 2020 оны 09 сарын 28

Deed bolovsroloo hamgiin turuund tsegtsel Mongold 5 ih surguuli hangalttai hend ch hereggui mergejluudiig haa. Sularsan mungiig dooshoo ug Iim shinetgeliig hiisen said darga nar alga Bugd uursduu huviin biznes surguulitai

0  |  0
(59.153.115.205) 2020 оны 09 сарын 28

1 baahan ajil hiideggui tsereg tsagdaa buhchuud bolj novshirson gazar

0  |  0
X(124.158.109.140) 2020 оны 09 сарын 28

Отгонбаяр, Гантөмөр зэрэг удаа дараагийн сайд нарын хийж үлдээсэн ажлын үр дүн энэ. Хамгийн эмзэг, ирээдүй шалтгаалах хамгийн чухал салбараа гадаадынхны санаатай захиалгаар баллаж өгсөн дөө...

0  |  0
sara(223.104.3.207) 2020 оны 09 сарын 28

yaag unen.baahan diplom teversen chadvargui garuud bnaa bn.yu ch medehgui tgsen mortloo lag surguuliin diplomtonguud zondoo medne.73 say arai l uu.manaihanii teneg deer toglolt hiigeed bn gadaadiinhan.

0  |  0
9999999(103.20.152.50) 2020 оны 09 сарын 28

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олон бий болсон. ...ЭНЭ МАШ САЙХАН ҮЗҮҮЛЭЛТ ШҮҮ...МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН УЛСЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ЭЭ ОРУУЛЖ УЛСЫГ ГАР ДЭЭРЭЭ АВЧ ЯВДАГ ЮМ ШҮҮ....олон их дээд сургууль ямарч хэрэггүй :...сурах чадвартай , оюуны өндөр чадвартай ,сонирхолтой хүмүүс сурдаг 7-8 их дээд сургууль байх ёстой ....

3  |  0
Top