Японы “Fujitsu” Токиогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа доголдсонд хүлцэл өчжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Японы “Fujitsu” корпорацын ерөнхийлөгч Такахито Токита энэ сарын 1-нд Токиогийн хөрөнгийн биржийн компьютерын системд алдаа гарсны улмаас тус биржийн ажлын бүтэн өдрийн үйл ажиллагаа доголдсонд олон нийтээс хүлцэл өчжээ.

Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, биржийн ажилтнууд, үнэт цаасны зах зээлийн тоглогчид болон хохирол амссан бүх хүнээс уучлал иржээ. Тус компани техникийн алдаа гарсан шалтгааныг тогтоох, ирээдүйд дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна гэж мэдэгджээ.

Ази дахь хамгийн том Токиогийн хөрөнгийн бирж 1999 оноос хойш анх удаа бүтэн өдрийн турш ажиллаагүй билээ. 1999 онд “Fujitsu” корпорацын бүтээсэн компьютерын системийг ашиглалтад оруулах үеэр тус биржийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсож байжээ. 2005 болон 2006 онуудад Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа техникийн саатлаас болж хэдэн цагаар тасалдаж байсан тохиолдол өмнө нь ч гарч байсан байна. Мөн ийм шалтгаанаар 2012 онд 200 төрлийн үнэт цаасны арилжааг зогсоож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top