Олон улсын зах зээлд компанийн хувьцааны 30 хувийг арилжиж, IPO босгох ажил хойшлогдож магадгүй тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Одоогоор компанийн зүгээс олон улсын зах зээлд гарахын тулд шаардагдах 11 зөвлөхөөс зургааг нь сонгон шалгаруулсан байна. Одоо таван зөвлөхийн сонгон шалгаруулалт хүлээж байгаа аж. Хууль эрх зүйн болон санхүүгийн тайлан зэрэг шаардагдах баримт материалуудыг төлөвлөгөөний дагуу бүрдүүлж дуусах ч Хонконгийн хөрөнгийн биржид эцсийн байдлаар гарах хугацаа нь тодорхойгүй байгаа юм. Хугацаа хойшиллоо гэхэд 2020 оны эхний улиралд багтаах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч гурван тэрбум ам.долларын IPO босгохоор тохиролцсон юм. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн хөрөнгийн бирж хамтын ажиллагааны гэрээтэй байсан ч эцсийн дүндээ Хонконгийг сонгосон байна. Эцсийн байдлаар IPO гарсны дараа Нью-Йорк юм уу, Лондонгийн хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж буй аж. Сүүлийн хоёр жил олон улсын зах зээлд гарах асуудал хөндөгдөж байсан ч улстөржсөн амлалт, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт зэргээс шалтгаалан хувьцаагаа арилжаалж чадаагүй юм.
Иргэдийн хамгийн их сонирхдог 1072 хувьцааны бүртгэлийг хариуцсан байгууллагуудтай нь хамтран судалгаа гаргаж, нэгдсэн датабааз үүсгэх ажил ид үргэлжилж байгаа аж. Эрүүгийн цагдаагийн газартай хамтран иргэдийн ирсэн гомдлын дагуу хэрэг нээсэн тохиолдол ч байна.
Сэтгэгдэл ( 0 )