116-р сургуулийн захирал харааны бэрхшээлтэй хүүхдийн хичээлийн хэрэгслийг хог хэмээн хаясан гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Тусгай хэрэгцээт хүүхдийг хамран сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр /2020.10.06/ мэдээлэл хийлээ. 

Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхбаатар нь өнгөрсөн наймдугаар сарын 28-нд захирлаар томилогдсон ч багш нарт удаа дараа зүй бус шаардлага тавьсан, тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдлэггүй зэрэг асуудлууд үүсээд байгаа юм. Мэргэжлийн ёс зүйгүй, тусгай хэрэгцээт хүүхдийн сургуулийн онцлогийг мэдэхгүй, ур чадваргүй захирал томилсныг эсэргүүцэж буйгаа багш нар мэдэгдсэн юм. 

2014 оноос хойш зургаан жилийн хугацаанд 116 дугаар сургуулийн захирал есөн удаа солигджээ. Өнөөдөр мэдээлэл хийсэн багш нар хэлэхдээ тэдгээр захирлуудын нэг нь ч мэргэжлийн ур чадваргүй байсан гэлээ. Түүнчлэн харааны бэрхшээлтэй сурагчдын хичээлийн гол хэрэглэгдэхүүнийг ч ялгаж мэддэггүйн улмаас хог хэмээн хаядаг. Брайль үсгээр хийсэн самбарыг шилэн хоргонд байрлуулдаг зэргээр хүндрэл учруулдаг гэв. 

Ийм нөхцөл байдал байгаа учраас багш, ажилчид  тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн юм. Тодотгоход, тус сургуульд 130 хүүхэд суралцаж,  79 багш, ажилчид ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top