Өөрийгөө урлаж чадсан залуус #1

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Фитнессээр тууштай хичээллэж, өөрийгөө бүтээж яваа олон залуус "Эрдэнэт үйлдвэр"-т ажилладаг. Өөрийгөө бүтээхээс илүү тамирчны хэмжээнд хичээллэж, улсын болон дэлхийн тавцанд амжилт гаргасан нь ч бий. Аль нь ч байсан тэд өөрийгөө ялж чадсан “аваргууд”.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын ачааллыг эн тэнцүү үүрчхээд, амьдралын зөв хэв маягаараа үеийн залуусаа үлгэрлэж яваа тэдний заримтай уулзаж ижил дөрвөн асуултаар хариулт авсан юм. 

 

  1. Фитнессээр хэдэн жил хичээллэсэн бэ?
  2. Анх яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
  3. Фитнесс танд юу өгсөн бэ? /төлөвшил, хэв маяг, өөрчлөлт/
  4. Амжилт..?

 

Г.ТЭЛМЭН: Амжилт өөрийн гарт байдаг
/Тээвэр ложистикийн төвийн ачигч-оосорлогч/

     -Фитнессээр хичээллэж эхлээд найман жил болж байна. Зөв хичээллэсэн нь гэвэл гурван жил байхаа. Бэлтгэл дээр ирээд ямар ч хамаагүй дасгал хийдэг байсан үе бий. 

     -Цэргээс халагдаж ирээд Улсын начин Д.Амарсайхан ахтай хамт оюутны байранд амьдардаг байлаа. Тэр үеэс амьдралын хэв маягаа өөрчилж, ах шигээ мундаг бөх болохыг зорьж анх фитнессээр хичээллэж эхэлсэн дээ.  

     -Хүн зорьсон зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, тууштай байж чадвал амжилт өөрийн гарт байдгийг маш сайн ойлгосон. Та бүхэндээ тууштай байж зорьсондоо заавал хүрээрэй гэж хэлмээр байна. 

     -2015 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын заан болсон. 2018 онд “Golden gym” пауэрлифтингийн хэвтээ шахалтын -74 кг-ийн жингийн аварга, Налайхад болсон тэмцээний 3 төрөлтийн -74 кг-д нийлбэр хүрэл, 2019 онд Эрдэнэт хотод болсон тэмцээний фитнесс пауэрлифтингийн хэвтээ шахалтаар мөнгө, суултаар алт, газраас таталт алт, нийлбэр алт, Сэлэнгэ аймагт болсон Хойд бүсийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний шахалт төрөлд хүрэл, суулт мөнгө, таталт мөнгө, нийлбэр мөнгө, Хөвсгөл аймагт болсон пауэрлифтингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 3 төрөлт мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Булган аймгийн пауэрлифтингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний шахалт төрөлд хүрэл, 2020 онд Нийслэлд болсон пауэрлифтингийн аварга шалгаруулах 21 аймгийн нээлттэй тэмцээнээс Классик бодибилдингийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн амжилттай.

М.Одгэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top