"ИТХ хяналт тавьсан бол "Хүүхдийн автобус" маргаан дагуулахгүй байсан"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.15/  өнөөдөр 15:00 цагт Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“…Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад гэвэл тухайн орон нутагт байгаа иргэд, малчид хүн бүр тэдэнтэй хамгийн ойр хамтран ажиллах төлөөлөгчөө сонгох хариуцлагатай сонгууль юм. Өнөөдөр өдрийн 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол ирц бага байна гэсэн үг.

Залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэн бүр санаачилгатай байж, санал хураах цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох, нэхэх нь боломжгүй зүйл.

Жишээлбэл, хүүхдийн шар автобусыг худалдан авсан үнийн асуудал дээр маргаан гарсан байна. 40 мянга, 45 мянган, 50 мянга, 130 мянган ам.доллар гэх зэргээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй.

Ийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн төлөө иргэд маань аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top