Мандалговьд орос хэл судлалын хоёр дахь төв байгуулагдав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаевын Дундговь аймагт хийж буй албан томилолт үргэлжилсээр байна. Энэ жил 95 жилийнхээ түүхт ойтой золгож буй ОХУ-ын Россотрудничество агентлаг нь Орос-Монголын найрамдлын өдрүүдийг 60 дахь удаагаа нээн тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү ойг тохиолдуулан Т.Туяамандах захиралтай “Эрдмийн далай” дунд сургууль дээр ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн салбарыг нээх, Оросын соёл урлагийн баярыг зохион байгуулж, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас Дундговь аймагтай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт болон соён гэгээрүүлэх салбарт цаашид эрчимтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэв.

Мандалговь дахь “Эрдмийн далай” дунд сургууль дээр нээгдэж буй Орос хэлний төв нь Төв Халхын нутагт амьдарч буй зон олны дунд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан соёлын хөтөлбөрүүд болон төслүүдийг бүс нутгийн хүүхэд, залуучуудад хүртээлтэй байлгах зорилготой.

Түүнчлэн ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр ЕБС сурагчид төдийгүй төрийн албан хаагчдыг магистр, аспирантур, ординатурт ОХУ-д  суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ түвшинд гаргаж ирэхэд ихээхэн ач холбогдолтой болно.

“Эрдмийн далай” дунд сургуулийн дэргэд байгуулагдаж буй Орос хэлний төвийн нээлтээр ОХУ-ын Россотрудничество агентлагаас эхний удаа дэмжлэг болгож бүгд 2392 ам.доллар үнэ бүхий сургалт, заах аргазүйн сурах бичиг, орос хэлний орчин үеийн хэвлэмэл болон аудио, видео гарын авлага, сонгодог утга зохиолын шилдэг бүтээлүүдийн дээжсээс гардуулан Мандалговь нутгийн ард иргэдийн хүртээл болголоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top