Монгол Улсад өнөөдрийн (2020.11.17, 11:00 цаг) байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрээд байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16 иргэн байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д-ын ойрын хавьтал болох есөн хүнээс (Жолооч Д + 9) халдвар илрээд байгаа.
Тэдний дотор жолооч Д-ын дүү болох МУБИС-ийн оюутан багтсан бөгөөд тэрбээр өөрийн явсан маршрутаа худал хэлснээс үүдэн зарим эрсдэл үүсээд байгаа.
Тухайлбал, дээрх оюутантай уулзсан иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гал тогооны ажилтантай хавьтал үүсгэсэн бөгөөд түүнийг тогтоон тусгаарлаад байна. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийг ариутгах ажиллагаа явуулсан байна.
Одоогоор дээрх хавьтагч нарын шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ба тусгаарлан, хянаж байна.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий энэ тухайд "Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч, тусгаарласан. Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ хийхэд хоёулаа СӨРӨГ гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд СӨРӨГ гарсан.
Ажилтанд Covid19-ийн ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ба биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр, хэвийн явуулж байна" гэсэн тайлбар өглөө.