Өнөөдөр (2020.11.17) Сэлэнгээс илэрсэн хоёр тохиолдлын нэг нь цагдаагийн алба хаагч бөгөөд түүний халдвар авсан замыг тогтоож чадаагүй байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл халдвартай иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Дархан-Уул аймаг руу явсан маршрут тогтоогдоод байна.
Дархан-Уул аймагт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс өнөөдөр коронавирусний халдвар илэрч, нарийвчилсан шинжилгээгээр батлагдаад байна.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Дархан-Уул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, өнөөдөр шөнийн 00.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглон, тэг зогсолт хийсэн.
Батлагдсан тохиолдлын дам хавьтлыг тогтоох хүртэл хөл хориог үргэлжлүүлэх юм байна.
Улсын Онцгой комисс сая 14:00 цагаас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгийн голомтоос 4 тохиолдол батлагдсан тоо хэвээр байгаа. Сэлэнгэ, Дарханы төмөр замын урсгалыг дагасан халдварын тохиолдол, Улаанбаатар гээд манай улсад хоёр хэсэг багц тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотын багц өвчний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хүрээг цомхотгож, хяналтдаа аваад байна.
Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдол Сэлэнгийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой. Тиймээс Сэлэнгэ, Дарханыг төмөр зам дагасан багц гэж үзэж байгаа. "Алтанбулаг" боомтоор дамжуулж ачаа тэвээрийн үйл ажиллагаа эрхлэх явцад халдвар агаар дуслын замаар болон ахуйн замаар халдах эсрдэлтэй тул төмөр замаа дагасан халдварын шинэ голомт үүсэж байна гэж мэргэжлийн байгууллагын хувьд үзэж байгаа.
Дархан-Уул аймгийн иргэнийг тухайн орон нутагтаа байхад нь илрүүлсэн. Үргэлжлүүлэн судалж байна. Өөрөө бол Дархан-Уул аймагт байсан гэсэн мэдээлэл өгч байгаа" гэж мэдээллээ.