Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр (2020.11.18) коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул оройноос нь гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х-ээс халдвар илэрч, түүнийг гурван хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Түүний ойрын хавьтлын 20 хүнийг “Улаанбаатар” зочид буудалд тусгаарлажээ.
Халдвар авсан байх эрсдэлтэй иргэний тэжээвэр амьтан коронавирус туссан байх магадлал өндөр байгаа тухай мэдээлэл ирлээ.
Тэрбээр муур тэжээдэг байсан бөгөөд мууранд халдварын шинж тэмдэг илэрсэн тул мал эмнэлэгт хүргэж, вирусний шинжилгээ авсан байна.
Уг шинжилгээний хариу өнөөдөр (2020.11.19) гарна. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэх болно.