МЭ 79 онд эртний Ромын Помпеи хотыг газрын хөрснөөс арчсан Везувий галт уулын дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хоёр хохирогчийн олдворыг археологичид олж илрүүлжээ.
Тэдний нэг нь богино туник хувцас өмссөн байсан бөгөөд өндөр нь 156 см, 18-25 орчим насны залуу аж. Энэ хүний нугасны хэлбэрээс нь үзвэл тэрээр биеийн хүчний хүнд ажил хийдэг байсан бөгөөд боол байсан гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ. Хоёр дахь олдвор нь 162 см өндөр, 30-40 орчим насны эрэгтэй хүн байжээ. Галт уул дэлбэрэх үед тэр илүү тансаг загварын туник хувцас болон ноосон орхимжтой байсан байна. Судлаачид энэ хоёр хүн Везувий уулаас цацагдсан галт чулуулгийн хоёр дахь урсгал Помпеи хотыг нөмрөх үед амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байна.
Эдгээр олдвор Помпеийн ойролцоох Чивита Жулиана эдлэн газар дахь малтлагын үеэр олджээ. Үүнээс өмнө тус газраас гурван морьдын олдвор олдож байсан юм.
Эртний Ромын Помпеи хотыг анх 1592 онд илрүүлсэн бөгөөд 1748 онд малтлагын ажлыг эхлүүлж байжээ. Тэнгэр доорх задгай музей болсон Помпеи хотын энэ хэсэг дэх малтлагыг Европын холбооны санхүүжилт бүхий “Их Помпеи” төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Өдгөө тус бүс орчмын 20 хувь газар дор нууцаа хадгалан үлдээд байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эл хот археологийн музейгээс гадна эрдэм шинжилгээний лаборатори болоод байгаа бөгөөд энд үргэлжилсээр байгаа малтлага өнөө хэр гэнэтийн бэлэг барьсаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эзэн боол тэр үед байсан уу МЭ 79 он.