Помпеи дахь ер бусын олдворууд сүйрэлт газар хөдлөлтийг гэрчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Эртний Ромын алдарт Помпеи хотоос саяхан олдсон олдворууд тус хотын оршин суугчид зөвхөн галт уулын дэлбэрэлт бус нэгэн зэрэг болсон галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан болохыг харуулж байна. 

Помпеи хотын туурьд археологийн малтлага хийж буй археологичид Везувий галт уулын дэлбэрэлтийн улмаас нурсан хананд даруулж, эмгэнэлтэйгээр амиа алдсан хоёр эрэгтэй хүний араг ясыг илрүүлснээр, гэнэтийн нээлт хийжээ. Олдворууд олдсон Касти Аманти хэмээн нэрлэгдсэн малтлагын газар нь эрт дээр үед Помпеи хотын тийм ч баян дүүрэг байгаагүй аж. Помпеийн археологийн паркийн захирал Габриэль Цухтригель, тэрхүү хоёр эрэгтэй гипс болон усаар дүүргэсэн сав ашиглан, барилга засварын ажил гүйцэтгэж байсан хэмээн таамаглаж байна. 

Олдворын ач холбогдол

Олдвор нь эртний Ромын алдарт хотын оршин суугчид ямар аюулд өртсөн талаар илүү ойлголттой болж, галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй газар хөдлөлтийн сүйрэл авчирсан хүчийг төсөөлөх боломж олгож байна. Нурсан ханын хэлтэрхий дунд олдсон араг ясан дээр янз бүрийн хэмжээтэй хугарлууд харагдаж байгаа нь тэдний амийг авч одсон хана ямар хүчтэй нурсан болохыг харуулж байна. МЭ 79 онд болсон Везувий галт уулын дэлбэрэлт 20 цаг үргэлжилж, үүнээс үүдэлтэй газар хөдлөлт тасралтгүй үргэлжилж байсан хэмээн Цухтригель онцолжээ. Түүний хэлснээр, сүүлийн 250 жилд Помпеи хотын тууриас 1300 гаруй хүний шарил олджээ.

Микростратиграфын тусламжтай хүмүүсийн амиа алдсан нөхцөл байдлыг нарийн тогтоох боломж нээгдсэн. Шинээр илрүүлж буй олдвор бүр Везувий галт уул эртний Ромын хөгжин цэцэглэж байсан хотод “уур хилэнгээ гаргах” үед хүмүүсийн амь насаа алдсан энэхүү гүн эмгэнэлт үйл явдлыг илүү ойлгох боломжийг археологичдод нээж байдаг. Помпеийн туурь бол археологийн асар том лаборатори юм. Сүүлийн жилүүдэд түүхэн хот дахин хүчээ авч, дэлхий дахиныг шинэ шинэ нээлтүүдээрээ гайхшируулж, энэ салбарт Италийн гаргаж буй амжилтуудыг харуулж байна хэмээн тус улсын Соёлын сайд Женнаро Санжулиано мэдэгдсэн байна. 

Өөр ямар олдворууд олдсон бэ? 

Эмгэнэлт хувь заяатай хоёр эрэгтэйн араг яснаас гадна эртний Ромын хэв маяг бүхий усны ваар болон олон тооны усны сав, ваар, аяга илрүүлжээ. Барилгын хоёр хананд газар хөдлөлтийн үеэр үүссэн ан цав хадгалагдан үлдсэн байна. Өмнөд чигт байрлах хананд хүн дарагдан нас баржээ. Тэр гараа өргөсөн байдалтай байгаа нь өөрийгөө хамгаалах гэж ихээхэн чармайсан нь илт байна. Баруун талын хана галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй газар хөдлөлтийн асар их хүчийг гэрчилж байна. Ханын дээд хэсэг нурж, хоёр дахь эрэгтэй даржээ.

Хажуу өрөөн дахь галт тогооны зориулалт бүхий чулуун ширээн дээр нунтаг шохой үлдсэн нь галт уул дэлбэрэх үеэр тэнд засварын ажил явж байсныг гэрчилж байна. Галт тогооны ханыг дагуулан критийн вааруудыг өрсөн байсан бол айл гэрийн бурхныг дүрсэлсэн ханын зураг, шавар сав нь өргөл барихад зориулсан айл гэрийн бурхан тахилын хэсэг нь байрлаж байсныг гэрчилж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top