Алдарт Везувий галт уулын дэлбэрэлтийн нэгэн хохирогчийн гавалд шилтэй төстэй хар өнгөтэй материал олдсон нь галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй хэт өндөр температур тархины эдийг шил болгосон гэх дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
Везувий галт уул М.Э.Ө. 79 онд дэлбэрч, Помпеи, Херкуланум хотыг газрын хөрснөөс арчиж, олон мянган хүний амийг авч одсон юм.
Неаполийн их сургуулийн хэсэг эрдэмтэд аль 1960-аад онд чулуужсан нурамны доороос гаргаж авсан ром хүний олдворыг шинжилсэн судалгааны үр дүнг New England Journal of Medicines сэтгүүлд нийтэлжээ.
Хэт өндөр температурт бодисыг шатааж, огцом хөргөхөд тухайн бодис шил болж хувирдаг байна. Эрт үеэс хадгалагдан үлдсэн тархи нь археологийн тун ховор олдворт тооцогддог бөгөөд халууны нөлөөнд хайлсан хүний тархи олдсон нь анхны тохиолдол юм гэж Неаполийн их сургуулийн антропологич Пьер Паола Петроне ярьжээ.
Хохирогч 25 настай эрэгтэй хүн байсан бөгөөд галт уул дэлбэрэх үед тэрээр модон орон дээр хэвтэж байсан нь хоёр мянган жилийн дараа чулуужсан нурам доороос олджээ. Шатсан модыг шинжлэхэд энэ газар температур Цельсийн 520 хэмд хүрч байжээ.
Хэт өндөр халууны нөлөөнд хүний биеийн өөх шатаж, зөөлөн эд хоромхон зуур уур болж хувирсан бөгөөд дараахан нь температур маш хурдан буурсан гэх таамаг дэвшүүлжээ. Хохирогчийн гавал дахь шилтэй төстэй материал болон хүний тархинд хадгалагдан үлдсэн уураг, үсэнд өөхний хүчил илэрсэн нь хэт өндөр температурын нөхцөлд хүний тархи хадгалагдан үлдсэнийг гэрчилж байна. Херкуланум, Помпеи хотын тууриас ийм төрлийн олдвор дахин олдоогүй байгаа юм.
Везувий галт уул дэлбэрсэн өдөр М.Э.Ө 79 оны наймдугаар сарын 24, зарим эх сурвалжид аравдугаар сарын 17-нд Херкуланум хот халуун чулуу, нурамнаас бүрдсэн халуун хайлмаг дор булагдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
vesubi