Сурагчдын амралтыг 2020.12.19-нөөс эхлүүлэхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Засгийн газар өнөөдөр (2020.11.23) ээлжит бусаар хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газрын хуралдаанаар Ковид-19-ийн цар тахлын үед авч байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусний цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олгосон. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй. Тодруулбал, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын сарын 18-ныг хүртэл цахимаар хичээллээд, 19-нөөс ээлжийн амралтыг эхлүүлнэ. 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраана. Харин Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна" гэлээ. 

Сурагчид 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ.

Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна.

Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов.

Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.72.138) 2020 оны 11 сарын 23

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ХЭДЭН ЦАГТ ЯМАР ХИЧЭЭЛИЙГ ЯМАР СУВГААР ГАРАХЫГ ТОД БӨГӨӨД ОЛОНД ХҮРТЭЭЛТЭЙГЭЭР ЗАРЛААЧ. БАГШ НЬ ХИЧЭЭЛЭЭ ЯВУУЛ ГЭЭД Л ШААРДААД БАЙХААС ХААГУУР ХЭДЭН ЦАГТ ХИЧЭЭЛ ГАРЧ БАЙГААГ ОГТ ХЭЛДЭГГҮЙ. СУВГААР НЬ ХАЙСААР БАЙГААД ОЛОХОД ДНГӨЖ ДУУСЧ БАЙДАг. БОЛОВСРОЛ СУВАГ РУУ ОРОХОД ШААЛ ӨӨР ЭРТ ДЭЭР ҮЕИЙН ХЭДЭН ЖИЛИЙН Ч ЮМ БҮҮ МЭД ЛАВ Л ДУНД СУРГУУЛЬД ОГТ ХАМААГҮЙ ЗҮЙЛ БАЙХ ЮМ. ECONTENT ГЭДЭГ ЮМ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХИЧЭЭЛИЙГ ЗААЖ БАЙХ ЮМ. ТУСЛААЧ ЯАЖ ХИЧЭЭЛЭЭ ОЛЖ СОНСОХ ВЭ?

0  |  0
ЗОЧИН(192.82.72.138) 2020 оны 11 сарын 23

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ХЭДЭН ЦАГТ ЯМАР ХИЧЭЭЛИЙГ ЯМАР СУВГААР ГАРАХЫГ ТОД БӨГӨӨД ОЛОНД ХҮРТЭЭЛТЭЙГЭЭР ЗАРЛААЧ. БАГШ НЬ ХИЧЭЭЛЭЭ ЯВУУЛ ГЭЭД Л ШААРДААД БАЙХААС ХААГУУР ХЭДЭН ЦАГТ ХИЧЭЭЛ ГАРЧ БАЙГААГ ОГТ ХЭЛДЭГГҮЙ. СУВГААР НЬ ХАЙСААР БАЙГААД ОЛОХОД ДНГӨЖ ДУУСЧ БАЙДАг. БОЛОВСРОЛ СУВАГ РУУ ОРОХОД ШААЛ ӨӨР ЭРТ ДЭЭР ҮЕИЙН ХЭДЭН ЖИЛИЙН Ч ЮМ БҮҮ МЭД ЛАВ Л ДУНД СУРГУУЛЬД ОГТ ХАМААГҮЙ ЗҮЙЛ БАЙХ ЮМ. ECONTENT ГЭДЭГ ЮМ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХИЧЭЭЛИЙГ ЗААЖ БАЙХ ЮМ. ТУСЛААЧ ЯАЖ ХИЧЭЭЛЭЭ ОЛЖ СОНСОХ ВЭ?

0  |  0
Сонсонч(202.126.90.157) 2020 оны 11 сарын 23

УОК_ийнхоон шийдвэртэй юм яриач олон хонлоо.хийх гэж байна,судалж байна, бодож байна гээд асуусан асуултыг тойруулж баахан юм яриал одоо тэгээд хэд хонож байж шийдвэртэй ажил хийх юм бэ өчнөөн олон хоног мунгинлаа .одоо та нарыг солиж чадвартай хүн тавих цаг болжээ.ерөнхий сайд аа

0  |  0
Top