Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийн талаар хэлэлцлээ

2020 оны 12 сарын 03

“Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийн төслийн онлайн хэлэлцүүлэг боллоо.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.2 дахь заалт “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно”-ын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулаад байна.

Төслийг боловсруулах явцад асуулгын, фокус группын ярилцлагын аргаар ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд  суралцаж буй сурагчдын төлөөлөл болон ХГҮА-г удирдан зохион байгуулж буй багш нар, нийгмийн ажилтан, сургуулийн удирдах ажилтнуудаас судалгаа авснаас гадна хичээлээс гадуурх сургалтын ажлын төлөвлөгөөнд баримт бичгийн шинжилгээг хийж, судалгаа, шинжилгээний үр дүнг үндэслэл болгосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, нийгмийн ажилтан, багш нар, төр, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан 3 удаагийн хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтийг тусгасан.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь засан сайжруулалт хийх сүүлийн хэлэлцүүлэг юм. Сурагч өөртөө итгэлтэй, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бусдыг манлайлж, хамт олны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, санаачилгатай, эх оронч үзэлтэй хувь хүн болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор энэхүү хөтөлбөр хэрэгжинэ.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top