Автобус нэгтгэлийн ХАШААНД ГАРСАН ОСЛЫГ шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Өнгөрөгч долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 559 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийт есөн хүн гэмтсэний хоёр нь орон нутагт байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдөж, Toyota Cresta маркийн автомашины жолооч 19 настай, эрэгтэй Т, зорчигч 17 настай, эрэгтэй Ш нарын амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.

Мөн өдөр Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг  /сумын төвд/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus маркийн автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй Ц нь автобусанд дайрагдаж амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шогт(202.179.25.144) 2020 оны 12 сарын 06

Согтуугаар жолоо барьж яваа хүмүүс санаатайгаар хүний амь бүрэлгэх гэж яваа алуурчин мөн.

2  |  0
Top