ТЦА: Согтуугаар автомашин жолоодсон 102 зөрчил бүртгэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Нэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохиржээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, нэгдүгээр сарын 4-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын зам, Баянхошуу руу  салдаг уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч С нь замын хажуугийн шон мөргөж, жолооч 23 настай, эрэгтэй С-н амь нас хохирсон байна. Мөн нэгдүгээр сарын 7-ны өдөр  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг /аймгийн төвөөс баруун урагш 1км/ асфалтан замд Toyota grand mark2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драгер 1.75%/ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироожээ. 

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 зөрчил ирлүүлсний 48 нийслэлд, 54 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрэн(202.21.104.2) 2021 оны 01 сарын 08

Жолооны эрхийг нь -1-3 жилээр хасаач ээ. \n

0  |  0
Top