Уул уурхай шүтсэн Монгол Улс  ирээдүйдээ ӨР  бас ЭВДЭРСЭН ГАЗАР НУТАГ үлдээх үү

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Монгол Улс сүүлийн хориод жилд стратегийн баялгаараа ашигт малтмалыг тодорхойлж, уул уурхайн салбараас олон тэрбум ам.доллароор хэмжигдэх орлого олсон ч, ирээдүй хойчдоо ӨР ӨВЛҮҮЛЖ буйг илтгэх таагүй тоонуудыг өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл бодит байдал дээр мөнгөөр хэмжигдэх хор хохирлоос гаднаас мөнгөөр хэмжигдэхгүй хохирлыг ирээдүйдээ өвлүүлэн үлдээж буйг тодотгоё. Тэр бол ашигт малтмалын олборлолт, боловсруулалтаас үүдэн байгалийн унаган төрх алдагдаж, экологийн эрүүл бус байдалд орж буй явдал юм.

Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тухай сүүлийн тайлангийн мэдээллээс үзэхэд 2017-2018 онд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийхэд,  24,347.5 га газар эвдэгдсэнээс нийт 1491 газар буюу 9381.4 га талбайг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

 

Эвдэрсэн болон нөхөн сэргээх шаардлагатай газрын хэмжээ /Аймаг тус бүрээр/

 

Эвдрэлд орсон болон нөхөн сэргээсэн талбай 

Дээрх үзүүлэлтүүдээс  харахад Монгол Улс байгалийн баялгаа ашиглах нэрийдлээр байгаль эхийг тонон дээрэмдэж, эргээд өөрсдөө амьдрах орчноо үгүй хийж байна уу гэсэн болгоомжлолыг зүй ёсоор дагуулж байна.

Түүнчлэн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай саяхан мэдээлсэн нь, ажил хэрэг болгон хэрэгжүүлж чадвал тун чухал зүйл юм.

Тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Алтыг нь авч авдрыг нь хаядаг хандлага ноёлсныг эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн, ухаж төнхсөн нүх, газар шороо харуулдаг. Энэ ажилд олон салбарын хамтын ажиллагаа чухал. Тиймээс "НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Монгол Улсын шадар сайд, БОАЖ, ХЗДХ, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарлаа” гэсэн байсан. “Нөхөн сэргээлт -2024 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах байнгын ажиллагаатай Ажлын хэсэг байгуулахаар боллоо гэсэн байсан. Тэгэхээр уул уурхайгаас үүдэн хохирсоор өнөөдрийг хүрсэн байгаль орчны асуудлыг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр бус бодлого, үйл ажиллагааны залгамж байдлаар анхаарах нь яах аргагүй чухал болохыг тэмдэглэе.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай маш чухал мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулсан байна.

Байгаль орчныг доройтуулсан, олон булаг шандыг ширгээсэн, иргэдийн эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн хамгийн муу жишээ болох “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Тост, Тосон бумбын нуруун дахь уурхайгаас энэхүү үйл ажиллагааг эхлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нөхөн сэргээлтийн зардалд улсаас нэг ч төгрөг гаргах ёсгүй гэдгийг онцгой анхаарах ёстой.

Хууль зөрчсөн этгээд нөхөн сэргээлтийн зардлаа 100 хувь гаргах бөгөөд хуулийн хариуцлагаа ч хүлээх ёстой. Сайд дурьдахдаа “Алтыг нь авч авдрыг нь хаядаг хандлага ноёлсныг эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн, ухаж төнхсөн нүх, газар шороо харуулдаг. Энэ ажилд олон салбарын хамтын ажиллагаа чухал. Тиймээс "НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Монгол Улсын шадар сайд, БОАЖ, ХЗДХ, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарлаа” гэжээ.

Нинжа хэмээн адлагдсан ядарсан иргэддээ биш задарсан цөөхөн олигархуудад төр төмөр нүүрээ үзүүлэх цаг аль хэдийнэ болсон билээ!!” гэжээ.


 

Тодотгоход, Монгол Улс Байгаль орчныг хамгаалах тухай хуультай. Тус хуулийн  49 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх гэсэн хэсэгт дараах байдлаар зохицуулалтыг тусгасан байдаг.

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно гэж заасан. 

5.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэхчлэн тусгасан байдаг. 

Уул уурхай эдийн засагт их нөлөөтэй ч, энэ салбараас олсон 1 ам.доллар тутмаас 1 л центийг ирээдүй хойчдоо үлдээхдээ гар татаж, хадгалсан данснаасаа нууцаар авч хэрэглэж буй Монголын төр засаг цаашид эрүүл бодлого баримтлах хэрэгтэй. Түүнчлэн “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулах шаардлагатайг сануулъя.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Коммунистуудад ямар ч мэдлэг, гаргалгаа, төлөвлөгөө байхгүй. Монгол бол тэдэнд хоргодох байр болж байгаа. Тэдэнд эх орон байхгүй. Тэд хүйтэн сэтгэлтэй мөнгөнд шунасан харалган хүмүүс. Сарангэрэл бол тэдний нэг коммунист эмэгтэй.

0  |  1
Top