Хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 24-ний шөнийн 00:50 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/ асфальтан замд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.
Мөн Баян-Өлгий болон Хэнтий аймгуудад хоёр хүн мотоциклоос унаж амь нас хохирчээ. Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэрэг гарчээ. Түүнчлэн өчигдөр шөнө 02:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчид гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
orkuudaa gej.....