Ослын улмаас гурван хүн нас барж, 18 хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 735 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Зам  тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, нийслэлд хоёр, орон нутаг гурван хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, гуравдугаар сарын 8-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд суудлын автомашины жолооч явган зорчигч  мөргөж амь насыг хохироожээ. Мөн өдрийн 22.00 цагийн орчимд Сонсголонгийн замд суудлын автомашины жолооч үл хөдлөх зүйл мөргөж, тус машинд зорчиж явсан иргэний амь нас хохирсон байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 271 зөрчил илрүүлсний 172 нийслэлд, 99 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймээс нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top