АН-ын жинхлээгүй хоёр даргын ХЭН НЬ ХЭН БЭ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Талцаж хуваагдсан Ардчилсан намын даргын сунгаа амралтын өдрөөр хоёр талд явагдаж, хоёр дарга тодроод байна. Шинээр тодорсон хоёр даргын хэн нь “жинхлэх” эсэхийг шүүх хийгээд намын үнэнч дэмжигчдийн аль аль нь биш  Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр тодорхойлоод өгөх биз ээ.

Сунгаагаар тодорсон хоёр даргын ХЭН НЬ ХЭН БЭ? гэдгийг харуулсан товч мэдээллийг хүргэе.

М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн хэн нь Монголын бизнесийн салбарт танигдсанаараа адил талтай боловч магадгүй тэдний итгэл үнэмшил, үнэт зүйлийн талаарх суурь хандлага ондоо  байх.

С.Эрдэнийн гэх тодотголтой Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулсан МАЙНБАЯРЫН ТУЛГАТ

Ардчиллын дууч гэгддэг “Хонх” хамтлагийн дуучин, нийтлэлч С.Цогтсайхан агсан бол М.Тулгатын авга ах юм.

Киотогийн Их Сургуульд бакалавр, мастерын зэрэг хамгаалсан М.Тулгат Японы харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг “Софтбанк”-д санхүүчээр ажиллаж байгаад 2010 онд Монголдоо буцаж ирэн, бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн байдаг.

2012 онд Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох үедээ бизнесийн салбарт "Хишиг Арвин Индустриал"-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлын хувиар сайн танигдаж амжсан байдаг.

Харин олон нийтийн хувьд М.Тулгат гэдэг хүн 2019 онд нэлээд танигдсан болов уу. Учир нь иргэн Б.Болороогийн нөхөр “Хишиг Арвин” компанид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан хэрэг гарсан юм. Компани уг хэргийн үнэн бодит байдлыг нуун дарагдуулж, өөрсдийн эрх ашгаа бодож байна гэх мэдээллүүд гарч, М.Тулгат “Улаан бал” нэвтрүүлэгт оролцон, иргэн Б.Болороотой халз уулзаж байсныг үзэгчид санаж буй биз ээ.

М.Тулгат уг уулзалтын дараа “Амьдрал гэдэг адармаатай. Үнэн гэдэг өнгөц харсан хүнд нэг өөр. Манай талын баатар, дайсны мангас гэдэг зүйл зөвхөн үлгэрт л бий” гэхчлэн бичсэн нь бий.

Түүнийг намын даргын сунгаанд ялалт байгуулсны дараа нийтлэлч Болушка өөрийн твиттер хуудаснаа “Нэг өдөр Ерөнхий сайд болно” гэж жиргэжээ.

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сард тэд эх орон, эргэж ирсэн хүмүүсийн тухай ярилцсан байдаг. Болушка Тулгатаас  “Ер нь таны улс төрийн зорилго юу билээ?” хэмээн асуухад "Улс төрд явж байгаа хүний хувьд зориод явж байгаа нэг юм бол Ардчилсан намыг ард түмний хайртай нам болгомоор санагддаг. Монголын ард түмэн бас ардчилалд хайртай. Гэтэл Ардчилсан нам өгсөн итгэлийг нь алдаад иргэд гомдчихсон ч юм уу тийм юм байна. Уг нь ардчилсан нам 2016 онд  ялсныхаа дараа үзэл баримтлалаа шинэчлээд, дүрмээ тодорхойлоод их гоё болгосон. Үндэсний бодлогын хороонд шинэ залуучууд ороод ирчихсэн. Зурагтаар харахаар хуучны хүмүүс харагдаад байдаг боловч харагдахгүй байгаа хэсэг дээр нэлээд том суурь өөрчлөлтүүд орж байгаа. Яах аргагүй улс орны амьдралыг засаг шийдээд явдаг. Засгийн эх ундрага нь улс төрийн нам байдаг. Тэр улс төрийн намыг өөрчилмөөр байна.  Хийе гэвэл зөндөө юм байна” гэж хариулсан байдаг.

Ц.Тувааны гэх тодотголтой Ардчилсан намын даргаар тодорсон ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛ

“ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл. 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн жилээ “ТЭСО” компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн.

Оюутан байхдаа талх, нарийн боовны цех ажиллуулж, зайрмагны аяганы машин нийлүүлэх зэргээр эхлүүлсэн түүний бизнес өдгөө хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхайн чиглэлийн 12 охин компани болж өргөжжээ.

2008 онд Удирдлагын академид Докторын зэрэг хамгаалсан О.Цогтгэрэл 2012-2015 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан намын даргаар ажилласан. 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон.

Намын даргын сунгаанд нэр дэвшсэнийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам шийдвэрлэх сорилтод тулж ирээд байна. Энэ бол зөвхөн манай намын бус Монгол улсын цаашдын хөгжил, ардчилсан тогтолцооны өмнө тулгарч буй сорилт юм. Ардчилсан нам маань өнөөдрийн сорилтыг давж бүрэн шинэчлэгдэж чадаж байж улс төрийн тавцанд голлох үүрэгтэй хэвээр үлдэнэ. Харин чадахгүй бол нэг мөр задарна, цаашлаад Монголын ардчилалд аюул учирна” гэхчлэн ярьсан байсан.

Ийн зарчим ярьсан нэр дэвшигч сая намын даргын сунгааны үеэр 1800 “царцаа” авчирсан гэх асуудалд холбогдож амжсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Готовсүрэн(124.158.68.237) 2021 оны 04 сарын 03

Хэдэн хулгайчдын хэн нь дарга болох хэнд амаатай юм. АН-ын биш улсын хөгжлийн асуудал шийдэх хүмүүс бололтой. Ёстой хуцдаг халтрууд.Энэ намынхан ээлжилж сайднар болсон сайд гишүүн болоогүй хүмүүс цөөхөн үлдсэн Улсын хамаг үйлдвэрийг төмрийн хог болгож эвдээд ачуулсан. Эвдээгүй байвал илүү үнэтэй болно биздээ.Ийм тэнэг юмнууд хөжүүлэх юм гэнэ.ХаХа

0  |  0
Япош(66.181.161.5) 2021 оны 03 сарын 30

Тулгат бол япон боловсрол соёл сурсан хүн. Аминч, ашиг хонжооны төлөө яаж ч магадгүй, хатуу сэтгэлтэй, яг япон.

0  |  0
Zochin(64.119.21.68) 2021 оны 03 сарын 30

Tulgat er ne ih zuv hun shuu demjdege shuu

0  |  0
зочин(66.181.178.181) 2021 оны 03 сарын 30

Тулгатыг дэмжиж байна. АН заавал сайжрах ёстой. МАН дангаараа ноёрхож ёстой болохгүй

1  |  0
зочин(103.80.211.207) 2021 оны 03 сарын 30

М.Тулгат “Улаан бал” нэвтрүүлэгт оролцон, иргэн Б.Болороотой халз уулзаж байсныг санаж байна. Үзээд энэ залууг хувь хүний хувьд энэрэх сэтгэлгүй, улс төрийн карьерынхаа төлөө хүний амийг юманд тооцохгүй залуу юмаа л гэж дүгнэсэн дээ

1  |  3
zochin(122.201.23.226) 2021 оны 03 сарын 30

ali ch yahav,harin hurdan l shiideh heregtei

1  |  0
Хойд-Гойд(103.26.193.178) 2021 оны 04 сарын 03

Тэр чин Увсынх юм уу? Тийм бол араггүй царцаа мөнгө хоёроор санал авах нь бүр тодорхой.\nИйм хүн бүр УВС хүн АН-г хуваана л даа.Мөнгө авсанууд нь сонгуулиаар сонгогдсон дарга гээл хуцаж байгаа

2  |  1
Зочин(192.82.86.189) 2021 оны 03 сарын 30

Ардчиллын алтан хараацай хонхы дууны эзэн цогтсайхан агсны дүү Тулгат нь жинхэнэ хүн. \nувсын усыг давстай тул ууж болдоггүй, \nувс хүн хүнбиш тул нөхөрлөж болдоггүй

0  |  0
зочин(66.181.181.176) 2021 оны 03 сарын 30

Увсын тэнэгээс Тулгат дээр дээ

2  |  0
Top