БНСУ-ын одод дунд сургуульд байхдаа бусдыг дээрэлхэж, дарамт учруулж байснаа хүлээн зөвшөөрч эхэлжээ. Хэдий тэд буруугаа хүлээж, уучлалт гуйснаар карьер нь нуран унаж байгаа гэхэд болно.
Саяхан Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн. Олон нийтийн шүүмжлэл тэднийг чиглэж, нэгэнт алдаа гаргасан эгч дүүс Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох БНСУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнээс ч хасагдсан билээ.
Мөн “River Where the Moon Rises” киноны эрэгтэй гол дүрийн жүжигчин Ким Жи Сү сургуулийн хүчирхийллийн асуудалтай байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Түүний жүжигчний замнал бүрхэг болж, уг олон ангит кинонд Ким Жи Сүгийн оронд жүжигчин На Ин Ү тоглохоор болсон. Кинонд Ким Жи Сүгийн тоглосон хэсгүүдийг багасгаж, түүнийг аль болох бага гаргах аж.
Тэгвэл уржигдар “The World of the Married” киноны од, 29 настай Шим Ин Ү-гийн замнал мөн дуусгавар болов. Бүсгүй сургуулийн орчны хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйлаа.
Дунд сургуульд Шим Ин Ү-тэй хамт сурч байсан А гэгч “Би дунд ангид сурч байхдаа Шим Ин Ү-гээс болж ангийнхандаа гадуурхагддаг байсан. Бие махбодийн хүчирхийлэл биш ч сэтгэл санааны хувьд маш хүнд хүчирхийллийг уриалсан хүн нь Шим Ин Ү байсан” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
Үүний дараа жүжигчин Шим Ин Ү Инстаграмдаа “Өмнө нь миний буруу үйлдлээс болж сэтгэлийн шарх авсан найзаасаа уучлалт гуйж байна. Сурагч байхдаа юу ч бодолгүй хэлсэн үгс болон хийсэн үйлдэл найзад маань удаан хугацааны сэтгэлийн шарх болж үлддэг гэдгийг ойлголоо. Би өнгөрсөн амьдрал болон одоо байгаа байдлынхаа талаар их бодож тунгаалаа. Одоо ч болов найзаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Бас хойшид хэн нэгэнд сэтгэлийн шарх өгөх зүйл хийхгүй байхыг хичээх болно. Одооноос илүү дээр, сайн хүн болохын тулд хичээх болно. Та бүхний санааг зовоосонд уучлаарай” гэж бичжээ.
Шим Ин Ү-гийн хамгийн сүүлд тоглосон JTBC телевизийн “The World of the Married” цуврал чамгүй нэр алдарт хүрсэн.
Жүжигчин бүсгүй удахгүй JTBC телевизийн “Fly High Butterfly” цувралд тоглохоор болоод байсан юм. Харин одоо түүний жүжигчний замнал эргэлзээтэй болоод байна.
Манай сэтгүүлчийн бэлтгэсэн хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагатай тэмцэхийг уриалсан нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу!
Сэтгэгдэл ( 1 )
Нэгнээ дарамтлах, доромжлох, үзэн ядах араншинг эцэг эх ,ахан дүүс, гэр бүлээсээ сурч аваад тэр нян бактери нь үржиж явсаар байгаад эцэст нь хэн ч биш болж байна даа.