18 нас хүрээгүй хүүхэд ч ГАЗАР ӨМЧЛӨХ эрхтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202.148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм. Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
 


Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргал "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй" гэсэн мэдээллийг өглөө. 

Түүнчлэн "Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний,  аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг" гэдгийг тэрбээр онцлов. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top