Туул гол руу бохир ус цутгаж байгаа барилгын компанийн талаар Өглөөний сонин урьд нь нийтэлсэн билээ. Энэ тухай “Улаанбаатарчуудын ундны ус руу “Угаадас” цутгаж буй “Ди Ди Эм Ти” ХХК-д хариуцлага тооцъё” гэсэн гарчигтай нийтлэлийг өнгөрсөн сарын 20-нд нийтэлсэн. Уг нийтлэлд барилга барих талбайн хөрсний усаа Туул гол руу шууд урсгаж байгаа компанийн талаар гарсан байдаг. Тэгвэл тус компанийн энэхүү үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авсан байна.
Анх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус хэргийн талаар хяналт тавьж, шат шатны газруудад нь уламжилсан байдаг. Улмаар Экологийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран шалгаж дуусаад дараагийн хяналтад шилжүүлсэн байна. Одоо тус компанитай холбогдох хэрэг прокурорын шатанд шилжиж ирээд байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ди Ди Эм Ти” ХХК-д холбогдох хэрэг прокурорын байгууллагад хянагдаж байгаа нь үнэн. Тус хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. Шийдвэр эцэслэн гараагүй байгаа” гэсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйл нь “Дайчилгааны тухай хууль зөрчих” гэсэн зүйл заалттай байдаг юм байна. Энэ зүйлийн 1-д “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Ямартаа ч “ Ди Ди Эм Ти” ХХК хэмээх барилгын компани нь хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь хууль хяналтын байгууллагаар ийнхүү шалгагдан тогтоогдоод байна. Хамгийн гол нь энэ хэргийг нэг нь шалгаж, нөгөө нь торгууль тохоод орхих бус хөрсний бохир усыг Туул гол руу шууд цутгаж байгаа энэ үйлдлийг нь таслан зогсоох учиртай юм. Яагаад гэвэл, Улаанбаатарын хөрсний усны бохирдол их, тэр тусмаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчмын хөрсний бохирдол асар их гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь тус хороонд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ихэнх арьс ширний үйлдвэр байрладаг. Энэ чиглэлийн үйлдвэрүүд олноор байрласан газрын хөрс ямар их хэмжээгээр бохирдсон нь тодорхой. Тийм хөрсний усыг Туул гол руу ямар ч шүүлтүүргүйгээр цутгаж яавч болохгүй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Арьс ширний үйлдвэр гэх амбасын үеийн бузар юмаа зайлуулаачээ .ЭНдээс л ХУДд корона их гарсан Туулын бохирдол мөн энэ хавиас өглөө өмхий бохир үнртдэг нь энэ заваан арьс ширтэй холбоотой.
Усны судалбар газар барилга барих нь буруу шүү дээ. Зөвшөөрөл өгч байгаа төрийнхөнхий түмэн буруу шүү\n
Хоёр талтай л асуудал. Энэ компани Туул гол руу биш, ус зайлуулах суваг руу усаа хийгээд тэр нь Туул гол руу орсон бол яах ч үгүй байсан. Бороо орох болгонд машин замаар урсаж байгаа машины тос масло болсон шавхайтай ус ус зайлуулах шугамаар яваад Туул гол руу шууд ордог. Хажууд нь хөрсний ус бол байгалийн өөрийнх нь ус өөрийнх нь шавар.