Уншигч таны харж буй энэ зураг бол Туул гол руу цутгагдаж буй “бохир ус”-ны хоолойны бодит байдал. Том гээчийн хоёр төмөр хоолойгоор дамжин голын ус руу маш өндөр даралттай, асар их хэмжээгээр нийлүүлж буй энэ усны үнэр нь өмхий, өнгө нь хар хүрэн. Зүйрлэвээс яг л жорлонгийн бохир шиг.
Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол руу юуны учраас, хэн гэгч “Том толгойт” нь ийнхүү “Бохир ус” цутгаж байгааг тодруулан сурвалжиллаа.
НМХГ: “ДИ ДИ ЭМ ТИ” ХХК-ИЙГ ШАЛГАЖ БАЙГАА
Байгаль орчинд гаднын нөлөөний улмаас үүсээд буй аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг төрийн өмнөөс хянаж шалгах ёстой газар бол Мэргэжлийн хяналтынхан. Тийм ч учраас энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-тай холбогдлоо.
Тус газраас “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газар нутагт Туул голруу бохир ус асгаад байна гэх мэдээллийн дагуу НМХГ-аас хэдхэн хоногийн өмнө хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар “Ди Ди Эм Ти” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний ус шавхаж байгааг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Албаны эх сурвалжаас авсан дээрх мэдээллээр бол Туул гол руу “Бохир ус” цутгаж буй энэ үйлдэл барилгын компанийн балаг болж таарлаа.
ТУУЛ ГОЛЫГ БОХИРДУУЛЖ БУЙ “ДИ ДИ ЭМ ТИ” ХХК-ИЙН ТУХАЙ...
“Бохир ус”-ны хоёр хоолой суурилуулж, Туул гол руу цутгах энэ хөнөөлт ажлыг “Ди Ди Эм Ти” ХХК гэх барилгын компани гардан гүйцэтгэжээ. Тус компанийн хувьд “Мишээл групп”-ын захиалгаар “Мишээл сити” нэртэй төслийн хүрээнд гурван ч барилгыг барьж байгаа юм байна. Тэр барилга нь олны мэддэгээр “Мишээл экспо”-ийн хажууханд баригдаж буй. Компанийн зүгээс уг барилгын ажлаа олон нийтэд сурталчлахдаа Монгол Улсын анхны бизнес хүрээлэн, дэлхийн жишигт нийцсэн хэмээн танилцуулдаг аж.
“Нэгийг босгох гэж нөгөөг нураана” гэгчээр барилга байгууламж барих нэрээр улаанбаатарчуудын ундны усанд аймшигтай “Хор цутгаж” байгаа нь дэндүү харамсалтай. Учир нь тус компани барилгын ажлаа эхлүүлэх явцын дунд төсөл хэрэгжүүлж буй тухайн газрын хөрснөөс асар их хэмжээний ус гарч эхэлсэн байдаг. Гэвч тэд төслөө хэрэгжүүлэхийн тулд хөрсний усыг Туул гол руу цутгах хоолой тавьж барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. “Хөрсний ус” бол бохирдол ихтэй. Ялангуяа нийслэл орчмын хөрсний бохирдол асар их. Тэр тусмаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчмын хөрс маш их хэмжээний бохирдолтой болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь энэ хороонд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс ширний ихэнх үйлдвэр ажилладаг. Ийм байхад “Ди Ди Эм Ти” ХХК нь барилгаа барихын тулд байгаль экологид, цаашлаад хүн амын эрүүл мэндэд хөнөөл учрах эрсдлийг үл тоон ийнхүү барилгаа эхлүүлсэн байх аж. Мэдээж тус компанийн уг үйлдлийг хорооны иргэд эсэргүүцэж, холбогдох газар нь ханддаг ч хариу арга хэмжээ авалгүй аргацаагаад орхидог гэнэ. Энэ талаар иргэн Н “Энэ голруу урсаж байгаа бохир ус бол Мишээл группын захиалгаар Мишээл экспогийн хажууд баригдаж байгаа гурван барилгын суурины ус юм. Өвөлжингөө Туул гол руу ингэж нийлүүлж байгаа. Гүйцэтгэгч компани нь “Ди Ди Эм Ти” ХХК гэж компани бий. Дарга нарт нь ямар ч шаардлага тавьсан хүлээн авдаггүй. Мэргэжлийн хяналтынханд мэдэгдэнэ гэхээр “Манайд наадах чинь үйлчилдэггүй юмаа. Ороод ирэхээр нь хэдэн цаас өгөөд амыг нь таглаад гаргачих юм чинь гэж томорсон хэдэн даамлуудтай. Бүр юу ч үйлчилдэггүй компанийн барьж буй барилгын суурины ус шүү” гэх мэдээллийг өгсөн юм.
А.ОТГОН-ЭРДЭНЭ: АРЬС ШИРНИЙ 40 ГАРУЙ ҮЙЛДВЭР МАНАЙ ХОРООНД БИЙ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга А.Отгон-Эрдэнэтэй холбогдож тодруулга авлаа.
-Танай хороонд хэчнээн арьс ширний үйлдвэр байрладаг вэ?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүд ерөнхийдөө л манай хороонд үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлтэй 28, зөвшөөрөлгүй 20 гаруй үйлдвэр байрладаг.
-Танай хорооны нутаг дэвсгэрт Туул гол руу хоёр ч хоолойгоор “Бохир ус” цутгаж байгаа юм байна. Та энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ?
-Наадах асуудлыг чинь НМХГ одоо шалгаж байгаа. Ер нь бол Мэргэжлийн хяналтын газар, Туул голын ай сав хариуцсан газар, Байгаль орчны яам зэргээс нь бол барилгын компани нь зөвшөөрөл авчихсан гэдэг юм билээ. Мөн холбогдох татвар төлөөсөө улсад төлөөд явдаг гэж байгаа. Жил болж байгаа асуудал л даа гэв.
УСНЫ СУДАЛБАР ГАЗАР БАРИЛГА БАРИХ ХОРИОТОЙ Ч...
Хэн ч харсан сэжиг хүрэм тийм муухай усыг улаанбаатарчуудын ундны ус руу шууд цутгаж байгаа энэ асуудлыг яавч зүгээр өнгөрөөж болохгүй санагдана. Өнгөрсөн жилээс өдийг хүртэл, өнөөдөр ч гэсэн Туул гол руу тэр их бохир ус нийлүүлж байгаа гээд бод доо. Хамгийн аюултай нь энэ орчмын хөрсний бохирдол асар их байгаад юм. Хорооны Засаг даргаас тодруулснаар бол ганцхан энэ хороонд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийтдээ 40 гаруй арьс шир боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Малын түүхий эд болох арьс ширийг цэвэрлэж, үйлдвэрийн шатанд оруулахын тулд маш олон төрлийн химийн бодис ашигладаг. Тэр их бохирдол нь ойр орчмын хөрсийг “бузарлаж” байгаа нь тодорхой. Туул голын бохирдлын талаар өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд “Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон. Бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна” гэжээ. Арга ч үгүй биз дээ, Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжийн хэрэглэсэн бохир ус бараг шүүлтүүргүй шахам Туул гол руу цутгагдаж байна шүү дээ. Түүний нэг том, тод жишээ бол барилга угсралтын “Ди Ди Эм Ти” ХХК-ийн хийж буй энэ үйлдэл юм.
Туул голын усыг бохирдуулдаг үндсэн хэдэн шалтгаан байгааг албаныхан ярьдаг. Тухайлбал, Туул голын сав дагуу хайгуулын лицензтэй 155, ашиглалтын 288 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүнээс барилгын материалын буюу элс, хайрганы 146, алтны 97, нүүрсний 33, бусад /боржин, төмөр, тугалга гэх мэт 10 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн хоёр хэсэгт арьс, шир боловсруулах нийт 30 орчим үйлдвэр, ноос, ноолуур угаах 26 цэг ажилладаг нь Туул голыг маш ихээр бохирдуулдаг аж. Харин сүүлийн үед барилгын компаниудын тооцоо судалгаагүй зураг төслийн гайгаар хөрсний усыг голын урсгал руу шууд цутгах тохиолдол элбэгших хандлагатай болжээ. “Усны судалбар газар барилга байгууламж барихгүй байх” дүрэм журам байдаг ч түүнийг дагаж хэрэгжүүлдэг газар гэж алга. Барилга барих зөвшөөрөл олгож байгаа төрийнхөн, барилгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хувийн компаниуд аль аль нь ирээдүйгээ бус зөвхөн өнөө маргаашийн олз ашгаа л харах болжээ.
ХӨРСНИЙ УСНЫ БОХИРДОЛ ГЭЖ ЮУ ВЭ
ШУА-ийн Газарзүй гео экологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэл хотын хөрсний усны бохирдол маш өндөр түвшинд хүрсэн. Улмаар хөрсний усны бохирдол гүний усанд нөлөөлөхөд тун ойртсон. Хөрсөнд хар тугалга, никель, цайр гэх мэтчилэн хүнд металд хамаарагдах бодисууд гүн нэвчсэн нь тогтоогдсон. Энэхүү хорт бодисууд нь хүний цул эрхтэнд хуримтлагдаж, хорт хавдар үүсгэдэг, биеэс гадагшлахгүй байдгаараа онцлогтойг олж тогтоожээ. Мөн Мэргэжлийн хяналтын газраас нийслэл орчмын хөрсөнд хийсэн 2019 оны судалгаагаар Хан-Уул дүүрэг дэх арьс, ширний үйлдвэрийн газруудын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрснийг зарлаж байсан. Тэгвэл энэхүү үйлдвэрүүд байрладаг газрын хөрсний ус хэчнээн төрлийн хорт бодис, хэдэн мянган янзын нян бактер агуулж байгааг хэлэхэд ч бэрх. Ийм л усыг “Ди Ди Эм Ти” ХХК гэх барилгын компани хөрснөөс шавхаж, Туулын урсгал руу шууд нийлүүлж байна шүү дээ. Хүний биед хор хөнөөлтэй, төрөл бүрийн химийн элементээр бохирлогдсон угаадас шиг усаар улаанбаатарчуудын ундны усыг бохирдуулж буй энэ үйлдлийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
teneg teneg mdee blddeg zinda.mn zuv.mn uur yu yu blee
duuchin ganhvv ah post bichsen bsan yuun us tuul golruu tsutgaad ! gj nileen deehen shalgadag baiguulgan shalagdan bhaa zvgeer barilga barihad hursnii usiig zailuuldag gsen bsan shvv. araich ugaadas ghed iim iheer garahgvi bhaa
Arai chdee ekologiiin ayulgui baidliig boddog hun bnuh MGLd
ne arai l heternee barilgiin zurag tusluu uasnii sudalbar gazar bitgii hiij bai. Ingesnesr barilgiin elegdel ch hurdan shuu
Ter muu novsh tsaaraalsan altanhuyag zinhen ner ni altantuya Tuul golyg mini olon zil bohirduulz bgaa har usan tohoind hothon bariad balaartaz bn hudlaa huul yariad .....
Одоо тэгээд яахуу нүүхүү суухуу? Эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ? Тарах гэж байгаа коммунистууд аа?
Голын голдиролд байшин барина гэдэг нь ус туулаад зогсож байгаа хүн гэсэн үг газар хөдөлтөд тэсвэргүй бохироо хатан туул руу хаяна шугам нь их удахгүй зэврээд цоорно
манай новшийн хурган дарга нарын балаг. Хэдэн төгрөг атгуулчихаар нүдээ өгөхөөс буцахгүй новшнууд
Диди эмти-г торгосон шиг торгоод эрхийг нь бүрмөсөн хас! ,, Зиндаа”” дахин сурвалжилж гаргаарай❗❗❗❗