Д.Ганбат: Би ямар мөнгөн дэвсгэрт биш, бүх хүнд таалагдах албагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн гишүүд долоо хоног өлсгөлөн зарлалаа. Эцэст нь МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан тул өлсгөлөнгөө зогсоогоод, эмчлүүлж байна. Одоогоор тэдний биеийн байдал ямар байна вэ?

-Төв талбай дээр долоо хоног өлсгөлөн зарласан ч эмнэлэгт хүргэгдээд өлсгөлөнгөө тайлах үүднээс дахин хоёр хоног хоол сойх шаардлагатай болсон. Үндсэндээ ес хоног хоол сойсон гэсэн үг л дээ. Биеийн байдал яаж сайн байх вэ. Олон хоног хоол ундгүй, чулуун шалан дээр хэвтэж байсан хүмүүс шүү дээ. Сөрөг хүчний гишүүд нь бөөнөөрөө гараад ирчихсэн, хүйтэн шалан дээр хонож байсан ийм өлсгөлөн дэлхийн хаана ч байгаагүй. Сөрөг хүчний бүлгийнхэн бүгд талбай дээр гарчихаад байхад тэдэнд хүйтэн цэвдэг хандлаа. Анх удаа л ийм зүйл болж байх шиг байна.

-А.Адъяасүрэн гишүүний биеийн байдал нь муудсан тул өлсгөлөнгөө зогсоосон байсан. Одоо түүний эрүүл мэндийн байдал ямар байна вэ?

-А.Адъяасүрэн гишүүний хувьд хүнд нөхцөлд дөрөв хоног өлсгөлөн зарласан. Одоо эмчилгээтэй байгаа. Өнгөрсөн өдрүүд их хүйтэн байсан. Шөнөдөө -4, -5 хэмтэй хонож, бороо цас орсон. УИХ-ын дарга, намын дарга байсан хүнээ эрлийзээр нь дуудаж, 32, 33-аараа хуваагдаад, талбай дээр 30, 40 гэр барьж жагсаад, хоёр гурваараа өрөөнд нь орж чирч гулдарч гаргаж ирж байсан түүх МАН-д бий. Уг нь тэр хүн бол МАН-ыг УИХ-д 65 суудалтай болгосон. Гэтэл биднийг өлсгөлөн зарлахаар яаж хандаж байгааг харсан байх. Эсгий ч оруулахгүй, авч зугтсан тохиолдол бий.

-Танай бүлгийн гишүүд бүртгэлийн байгууллагууд МАН-ын талд үйлчилж байна гэж үзэж, өлсгөлөн зарласан. Энэ акц зорилгодоо хүрсэн үү?

-Бид нэг л мэдэхэд нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орж, парламент нь хэвийн ажиллаж чадахаа байсан байна. УИХ бол ард түмний төлөөлөл юм. Нөгөө талаар хууль засаглахаа байсан. МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа бүх юмны дээр гараад суучихсан байна. Энэ хоёр хүний хэлж ярьж байгааг хэлбэржүүлдэг улс орон болжээ гэдгийг энэ нөхцөл байдал харууллаа. Аливаа нөхцөл байдалд дандаа бусдыг буруутгадаг. Тэдний хувьд ард түмэн буруутай, ардчилал буруутай гэдэг. Гэтэл Дарханы 200 км зам ашиглалтад оруулж чадахгүй хэчнээн жил болж байж бүх зүйл сайхан байгаа мэт ярьдаг. Болж бүтэж байгаа ганц нэг ажил байна. ДЭМБ-аар баталгаажаагүй вакцин оруулж ирээд ард иргэдээ бүгдийг нь вакцинжууллаа. Уг нь улсын төсөвт мөнгө суулгаад, ДЭМБ-ын сайн гэж үзэж байгаа вакциныг авчирээд, эртхэн хийсэн бол хөл хорионд удаа дараа ороод, хүүхдийн хичээл сургууль алдагдаад, аж ахуй нэгж хаалгаа хааж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхгүй л байсан.

-Өлсгөлөн зорилгодоо хүрч чадсан уу. Та юу гэж дүгнэж байна вэ?

-Өлсгөлөн бол ямар ч байсан сануулга болсон. Дарангуйлал, хуулийг дээдэлдэггүй нөхцөл байдлыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харууллаа.

Ард түмэн ч бидний үзэл санааг дэмжиж байгаа гэж ойлгосон. Эрх баригчид хүнд ямар хүйтэн цэвдэг ханддагийн илэрхийлэл болсон гэж ойлгож байна. Эрүүл мэнд, эр зоригоороо дэнчин тавьж өлсгөлөн зарлалаа. Эцэст нь ямар ч гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хуувь журам яаж хэрэгжиж байна вэ гэдэг дээр ажиллаж, тал талаас нь дүгнэлт гаргахаар болсон. Санал санаачилгыг бол УИХ дахь АН-ын бүлэг гаргасан. Бидний саналыг дэмжиж, УИХ-ын дарга захирамж гаргасанд талархаж байна.
 


-Зарим иргэд албан тушаалын төлөө өлсгөлөн зарлалаа гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Та энэ шүүмжлэлтэй санал нэгдэх үү?

-Асуудлыг хэн хаанаас, хэрхэн харж байна вэ гэдгээс хамаарна л даа. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авах нь тэдний эрхийн асуудал. Цар тахалтай хүнд хэцүү үед олон нийтийг өдөөн турхирахгүй, талбай дээр олноороо цуглахгүй, зөвхөн өөрсдийн эрүүл мэндээр дэнчин тавьж өлсгөлөн зарлалаа. Магадгүй мутацид орсон вирус ороод ирсэн байх нөхцөлтэй ийм үе таарсан ч дарангуйллыг хараад сууж чадахгүй.

Өнөөдөр зарим нэг нь таны хэлснээр шүүмжилж болно. Маргааш бидний тэмцлийг илүү сайн ойлгох байх. Их мөнгөтэй болчихсон, дарангуйлал руу явж байгаа нам бүгдийг нь худалдаад авчихсан байна. Тэр байтугай МҮОНРТ-ээр ч биднийг гаргаагүй. Энэ байгууллага бол олон түмний санхүүжилтээр ажилладаг, хараат бусаар мэдээлэл дамжуулах ёстой байгууллага. Бидний өлсгөлөнг аль болох буруу зөрүүгээр тайлбарлах маягтай хандаж байна.

-Дарангуйлал руу явж байна гэдэг үгийг та олон удаа хэллээ. Ямар шалтгаан нөхцөл бий болсон болоод та энэ үгийг хэлээд байна вэ?

-Хууль ёсоор сонгогдсон, ард түмний илч төлөөлөгч болсон УИХ нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Хоёрдугаарт, хууль дээдлэхгүй дуртай үедээ дуртай хуулийн заалтаа хэрэгжүүлдэг. Дургүйгээ хүрэхээр тэр хуулиа хэрэгжүүлдэггүй. Хууль эрхт мэдэлтэйд алагчилж үйлчилдэг. Ард түмний ихэнх нь ядуу байхад нэг хэсэг хүний гарт байгалийн баялаг оччихсон. Хөл хорионы үеэр эрх мэдлээ улам бүр лавшруулдаг. Энэ утгаараа нэг хүний, нэг намын дарангуйлал тогтож байна гээд байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цагаан байшингаасаа гараад байн байн “Тийм байх ёстой, ийм байх ёстой” гэдэг мэдэгдэл хийж, чиглүүлж байна. Эрх баригч улстөрийн нам төрийн дээр гарсны бодит жишээ юм. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороо гээд бүгд нэг намаас хараат болсон байна. 

-Ц.Туваан гишүүн АН-ын Их хурлыг хуралдуулж, Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд өрсөлдөгчгүйгээр түүний нэрийг дэвшүүлнэ гэсэн заалт шургуулахыг оролдлоо гэж нөгөө талын АН-ынхан хэлж байсан. Тэгэхээр нэр дэвшиж чадаагүй гомдол тээсэн ноёнтон АН-ын бүлгийн гишүүдийг хөдөлгөлөө гэдэг хардлага байна. Та ямар хариулт өгөх вэ?

-Энэ асуултаа тэр хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Би бол тэрийг мэдэхгүй байна. Хэнд ч хардах эрх бий.

-АН хоёр тамгатай, хоёр байртай, хоёр даргатай болчихлоо. Энэ үйл явцыг та юу гэж харж байна вэ?

-Хоёр хуваагдаж, хоёр тамгатай болсон. Хоёр тамгыг бол төрийн байгууллага өгдөг. Төрийн байгууллага эрх барьж байгаа нөхдүүдийн үүрэг даалгавраар манай намын хэрэгт оролцоод байна. Түүнээс биш төрийн байгууллага бол ямар ч аж ахуй нэгжид нэг л тамга өгөх ёстой шүү дээ. Бүх бурууг гадагшаа өгч болохгүй. Дотооддоо ч ойлголцох хэрэгтэй байна. Бүлгийн даргын хувьд асуудлаа тогоон дотроо шийдчих бодолтой явсан. Аль аль нөхдүүдтэй нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж уулзсан.

Тус тусдаа их хурал хийж байхад миний бие хоёуланд нь очиж суусан. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаа болоход энэ сунгаагаа нэгтгээд хийгээсэй гэж хүсэж би хоёуланд нь нэрээ дэвшүүлсэн. Гэхдээ цаашид аль аль нь дүрэм журмаа баримтлахгүй байсан. Таны хэлсэнчлэн цаанаа ямар юм байдгийг би мэдэхгүй байна. Ямартай ч дэнчинг нь төлөөгүй, сунгаанд нь оролцоогүй.

-УИХ дахь намын бүлэг үйл ажиллагаа явуулахад АН дотор үүсээд байгаа асуудал нөлөөлж байна уу?

-Хүчтэй сөрөг хүчин байхын тулд ард байгаа нам нь ийм байдалтай байвал нэг их сайнаар нөлөөлөхгүй. Хэлж байгаа үг, тавьж байгаа шаардлага бол намтайгаа цуг байж илүү сайн явна. Гэхдээ өнөөдөр АН-ын бүлэг боломжийн ажиллаж байгаа гэж үзэж байна.

Бид 11-үүлээ байснаа хоёр гишүүнийг нэгтгэсэн. Зан сайтай айлд зочин олон, замаг сайтай нууранд загас олон гэж үг байдаг.

-Бүлгийн гишүүдийн эв нэгдэл хэр байна вэ. Толгой намаа дагаад хоёр хуваагдсан асуудал бий юу?

-Тийм зүйл одоогоор алга. Шинэ ирж байгаа гишүүд хүнд хэцүү үед ард түмнийхээ дуу хоолой болсон цөөнхтэй ирж нэгдэж байна гэж харж байгаа. Түүнээс ямар нэгэн албан тушаал, алдар цол, ашиг хонжоо хайж ирсэн хүмүүс биш гэж найдаж байна. Цаг хугацаа харуулах байх.

-Яг одоо бол АН-ын хамгийн чухал зүйл нь эв нэгдэл гэдэгтэй та санал нийлэх үү?

-АН-ын хамгийн чухал зүйл бол өөрийнхөө үнэт зүйл дээрээ тууштай байх. Хувийн өмч, чөлөөт зах зээл, олон намын систем, парламентад тулгуурласан төр, тусгаар тогтносон Монгол Улс, хүний эрх эрх чөлөө, хувийн өмчтэй байх зэрэг үнэт зүйл нь илүү чухал. Үүнийг тойроод нягтрах ёстой. Гэхдээ хуулийн дагуу, зөв зүйтэй хийх ёстой. Түүнээс хэн нэгнийг буланд шахаад тэр тийм байсан гээд өс хонзонгийн сэдлээр, хааж боогоод байх ёсгүй. Бидний зорилго бол Монгол Улсыг хөгжингүй орон болгох, ард иргэдээ эрх чөлөөтэй байлгах, ардчилсан улс оронд амьдруулахын төлөө л байдаг.

-АН-ыг ийм байдалд хүргэсэн хүмүүс нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар гэж буруутгах хүн  байна. Таны бодлоор намыг өнөөдрийн ийм нөхцөлд байдалд ороход юу нөлөөлсөн бэ?

-Төгс төгөлдөр, 10 хуруу тэгш хүн гэж байхгүй. Сайн ч зүйл бий. Саар ч зүй бий. Мэдээж хэрэг дүгнэдэг хүмүүс нь дүгнэлтээ гаргах байлгүй. Ямар нэг хүнийг нэр цохож буруутгах сонин биш. Гэхдээ ерөнхийдөө бол өмнөх нөхдүүдийн оролцоо ийм байдалд хүргэхэд зохих хэмжээнд нөлөөлсөн л байж таарна.

-Ц.Оюунгэрэл АН-ын хагарал он удаан жил засрахгүй гэж дүгнэж байгаа тул намаасаа гарсан гэж тайлбарласан. Мөн Э.Бат-Үүлийг эвлэрэх гээд очиход үсдэж, хөөсөн. Энэ намд нэгдэх сонирхол байна уу?

-Бүх гишүүдэд нэгдэх сонирхол бий. Хэн нэгэн Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүлийн өмнөөс би ярихгүй. Тэд өөрсдийнхөө үйлдэлд хариуцлага хүлээнэ биз. Сонголт үргэлж байдаг. Сонголтоо хийгээд явсан хүмүүсийн өмнөөс би хариулмааргүй байна. Олон мянган АН-ын гишүүн яг тэд нар шиг байна гэж бодохгүй байна. Энэ бол АН-ын үйл хэрэг биш. Монгол Улс ардчилсан улс орон байх уу үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна. Ардчилал гэдэг бол АН-ын гишүүдийн асуудал биш. Монгол Улс 30 жилийн өмнө ардчилсан улсад амьдрах сонголтоо хийсэн. Дэлхийн долоо, найман тэрбум хүний хоёрхон тэрбум нь ардчилсан улсад амьдарч байна. Хоёр том гүрний дунд байдаг хэрнээ маш их баялагтай, газар дээрээ 70 сая малтай, газар доороо маш их баялагтай ийм сайхан улс оронд иргэдээ эрх чөлөөтэй амьдруулъя гэсэн зорилготой байна. Ард иргэд сонголтоо хийсэн, дараагийн сонгуулийн ямар сонголт хийх нь ч иргэдийн эрхийн асуудал.

-Таны хэлсэн үг олон нийтийн дунд трэнд болох нь бий. Сүүлд "Хэрвээ, хэрвээсээд байх юм байхгүй" гэдэг үгийг хүмүүс хөгжилтэй байдлаар хэрэглэж байх шиг байна?

-Миний өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил бол ардчилсан нийгэмд бүрэн нийцдэг. Ардчилсан нийгмийг бүтээх үнэт зүйлийнхээ төлөө байдаг хүн. Хэн нэгэн нам, хэн нэгэн хүнд барьцаалагдах юм байхгүй. Миний ах дүү нараас төрийн албанд ажилладаг хүн байхгүй. Би өөрөө идэж ууж завшсан зүйл үгүй. Тэр байтугай 2012-2016 онд Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байхдаа "Энэ улс орны тулгуур багана нь АН, МАН юм" гэж анх удаа хэлж байсан.

Миний хэлсэн "Сүүлийн хоёр секундэд би үгээ хэлчихье, Ванга шиг хэлье" гэх мэт үгнүүд тренд болсон байдаг юм билээ.

-Таны гаргасан саналууд доог тохуу болоод өнгөрөх тохиолдол байх юм. Тухайлбал, ганцаардлын яам, цар тахлын эсрэг яам байгуулах гэх мэт санаачилгыг тань элэг доог болгоод өнгөрүүлдэг. Та ярьж, хэлж байгаа бүхнээ судалгаатай хэлдэг үү?

-Асуудлаа шийдэхийн тулд түүндээ тохирсон бүтэцтэй байх ёстой. Коронатай хоёр, гурван жил тэмцэж байна. Үр дүн муу байна. Сүүлийн үед Япон шиг хөгжье гэж яриад байгаа хэрнээ Япон шиг уучлалт гуйгаад, эмгэнэл илэрхийлээд байгаа юм огт алга. Хүмүүс ганцаардаж амиа хорлож байгаа тул Ганцаардлын яам байгуулсан улс ч бий. Балба улсад Аз жаргалын яам байгуулсан байдаг. Дэлхийн улс орнуудад ийм жишээ байгаа тул би тэгж ярьсан. Гэтэл нэг хивэнд цутгасан юм шиг эрх баригчид улиг болсон аргаа хэрэглээд байна. Энэ байдлаасаа гарах хэрэгтэй. Аливаа асуудлаасаа гарах бүтэц зохион байгуулалтыг хийх хэрэгтэй учраас саналаа хэлдэг. Мэдээж хэрэг намайг буруутгах гэсэн олон хөлсний хүн сууж байна. Түүндээ мөнгө төгрөгөө цацаж байгаа. Энэ бол нууц биш. Миний хувьд хэн нэгний барьцаанд орох зүйл хийгээгүй учир байгаагаараа байдаг хүн. Хэн нэгэнд таалагдах бодолгүй. Би ямар мөнгөн дэвсгэрт биш, бүх хүнд таалагдах албагүй.

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top