Төрийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний хамрах хүрээ, салбар чиглэлийг тодорхойлох зорилготой төрийн байгууллагын салбар хэлэлцүүлгийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын холбогдох яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөгчид оролцож, баялаг бүтээх салбарт тулгарч буй хүний эрхийн зөрчлийг тодруулах зорилготой үндэсний суурь үнэлгээний талаар хэлэлцэж, санал солилцлоо.

“Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яам ахлан ажиллаж байгаа бөгөөд цаашид МҮХАҮТ болон холбогдох талуудтай хамтран хувийн хэвшил, иргэний нийгмийн болон бусад сэдэвчилсэн салбар хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулна. Эдгээр салбар хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжид тулгуурлан суурь үнэлгээний дүнг эцэслэж, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүжилттэйгээр Азийн бүс нутагт хэрэгжүүлж байгаа “Бизнес ба хүний эрх: Хамгаалах, хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөр дээрх үйл явцад дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол Улс уг хөтөлбөрт 2021 оны 2 дугаар сараас хамрагдаж эхэлсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top