"Үндэсний номын баяр" өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Уг баярыг "Үндэсний ном, бичиг соёлын өдөр” болгон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар санаачилсан юм.
Тодруулбал 2020 оны есдүгээр сарын 18-нд УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалтыг нэмж, төсөлд тусгасан. Уг өдрийг бямба ням буюу амралтын өдөр тааруулан тэмдэглэх юм.
Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Болсрол гэж ярьдаг хүүхэн.