Оройн цагаар хүмүүс маргалдаж, буу (Галт зэвсэг) хэрэглэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажононгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Зургаадугаар сарын 13-ны орой хүмүүс маргалдаж, галт зэвсэг ашигласан гэх мэдээлэл гарч байна. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанаар үйлчлүүлсэн хүн хэрүүл маргаан хийж гар буу мэт зүйл гаргаж ирж танхайрсан” гэх гомдол мэдээллийг шалгахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 29 настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Т-тэй маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн автомашинаас хуванцар үрлэн сумтай бууг гаргаж ирэн хий буудсан гэх асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
-Зарим мэдээллийн хэрэгслээр тухайн иргэн галт зэвсэг ашигласан гэж гарсан. Харин цагдаагийн байгууллагаас үрлэн сумтай буу гэж мэдээлсэн. Энэ талаар?
-Тус иргэний авч явсан буу нь галт зэвсэг биш, хуванцар үрлэн сумтай тоглоомон гар буу байсныг хураан авсан.
-Иргэн ямар тохиолдолд биедээ галт зэвсэг авч явж болох вэ?
-Ямар ч тохиолдолд хориглодог. Харин галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн цуглуулгын болон спортын тэмцээн уралдаанд оролцох үедээ буу болон галт зэвсгийг биедээ авч явж болно.
-Тэгвэл ямар тохиолдолд иргэн галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг юм бол?
-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулахын, байлдааны гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.
Иргэн “Б” нь галт зэвсэг эзэмших эрхгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай маргалдаж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудлаар шалгагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )