Хүүхдийн хоолны зардлыг нэмсэн нь дархлааг нь дэмжихэд тустай гэдгийг багш нар ярьж байна

2021 оны 09 сарын 01

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.09.01) нийслэлийн Налайх дүүрэг дэх ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийнхан Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, нэг ширээнд нэг хүүхэд суулган хичээлээ эхлүүлжээ. Эцэг эх, хүүхдүүдийн 90 орчим хувь нь танхимаар хичээл орохыг дэмжсэн, мөн хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанарт ахиц гаргах гурван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж багш танилцуулав. Түүнчлэн, “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлын хүнд энэ үед хүүхдүүдийн дархлааг дэмжихэд сайн хэрэг хэмээн багш нар ярьж байлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн тус дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн цахим нээлтэд оролцож, оюутнуудын санал бодлыг сонсов. Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан хамтарсан сургууль нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн загвар сургууль болох зорилготой бөгөөд сургалтын хөтөлбөр нь онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг аж. Тус сургуульд 270 гаруй оюутан суралцдаг бөгөөд ХБНГУ-ын Их, дээд сургуулиудад оюутан солилцоогоор дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж сургуулийн зүгээс танилцуулав. Түүнчлэн Эрдэнэт, Оюутолгой, Ачит эх зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран судалгааны ажил эхлүүлээд байна гэлээ.

Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулиудад  дээд боловсролын шинэчлэл чухал байр суурь эзэлж байна. Бид салбарынхны байр суурийг сонсохын тулд шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, санал авах зэргээр хуулийн шинэчлэлийг хийнэ. Тиймээс сургуулийн удирдлага, багш нарын санал бодол хамгийн чухал гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлж байв.

 
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.57.93.71) 2021 оны 09 сарын 02

Төрийн сургуулийнхыг нэмэхдээ хувийн сургуулиынхыг бүр хасчихсан байна.

0  |  0
зоёин(103.57.93.71) 2021 оны 09 сарын 02

Төрийн сургуулийн хоолны зардлыг нэмээд хувийн сургуулийнхыг баыхгүй болгосон байна.

0  |  0
Top