Халдвартай иргэдийг гадуурхсан албан тушаалтнуудад ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр коронавирусын халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлсэн, Түнэл суманд коронавирусын халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар мэдээлэл Комисст ирсний дагуу шалгах үйл ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тогтоосон.

Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ.

Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан нөхцөл байдал тогтоогдсон юм. Энэ дагуу коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар Комиссын гишүүн Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын мөрөөр хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ оногдуулсан талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 1/1689 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ.

Коронавируст халдвар авсан иргэдийн гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг аймгийн засаг дарга нарт анхааруулж, Комиссын гишүүний зөвлөмжийг 21 аймгийн засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд хүний эрхэд халдсан нөхцөл байдал тогтоогдсон Хөвсгөл аймагт Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top