Монгол Улс дахь БНСУ-ын иргэдийг вакцинд хамруулсанд талархал илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өчигдөр дээд түвшний цахим уулзалт хийсэн тухай бид мэдээлсэн. Цахим уулзалтаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр санал нэгдэж, хамтарсан тунхаглалыг гаргасан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 онд БНСУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзаж байсан билээ.

Тэгвэл хоёр дахь уулзалтынхаа үеэр Төрийн тэргүүн нар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар санал солилцож, цар тахлыг даван туулсны дараа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэд монголчуудын адилаар дархлаажуулалтад хамрагдах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлж, БНСУ-д амьдарч буй монголчууд ч дархлаажуулалтад хамрагдана гэдгийг хэлсэн талаар Хөх ордны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.  

Улмаар уулзалтын төгсгөлд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолынхоо үеэр эш татсан “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” хэмээх монгол ардын үг таалагдсан гэдгээ хэлсэн талаар Хөх ордноос мэдээлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top