Бусдын амь насыг ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН этгээдүүдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Сураггүй болсон эрэгтэйн цогцос, уурхайн нүхнээс олдсон тухай өмнө нь бид мэдээлсэн.

Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж, гэмт этгээдийг өнөөдөр /2021.09.27/ өглөө саатуулан баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 8-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж, гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Тус хэрэгт алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ний өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н гэгч нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна.

Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top