Завхан аймгийн иргэн тус аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” компанийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Гомдол гаргасан иргэн С.Ч нь тус уурхайн эзэмшлийн талбайг 2015 оноос хойш түрээсээр ашиглаж байсан гэх ба түрээсийн хугацаа нь дуусмагц, “Баян айраг эксплорэйшн” компанийн уурхайд ажиллаж байсан нөхөр, хүүхдийг нь ажлаас хууль бусаар халж, ялгаварлан гадуурхаж байна гэжээ.
Иргэний өргөдөл гомдлын дагуу Завхан аймаг дахь цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн гомдол гаргасан иргэн С.Ч нь тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, химийн хорт бодис ашиглалтын дүрэм удаа дараа зөрчиж байсан гэдгийг хэлж байсан юм.
Дашрамд сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сард "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианит натри агуулсан уусмал асгарсан осол гарч байв. Үүнээс үүдээд тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байсан. Түүнчлэн уул уурхайн олборлолтын үед цианит натри ашиглахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа билээ.
Энэ талаар тухайн үеийн БОАЖ-ын сайд, Д.Сарангэрэл, “Баян айраг эксплорэйшн" компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа учраас натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах саналтай байна.
Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй.
Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцалж, МХЕГ-аас өгсөн 12 үүрэг, даалгаврыг биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцөлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” хэмээж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )