“Богд хааны ордон” музейд намрын өнгө будаг алаглаад ер бусын үзэмжтэй харагдана. Музейн ойр орчимд чимээ аниргүй. Салхи сэвэлзэж, шувууд жиргэхийн хамт намрын навчис хаа нэг хаялана. Зурвас харвал тус музейгээр үйлчлүүлж байгаа хүн байхгүй мэт. Гэвч бодит байдал тийм биш юм. Хоёр, гурваараа уван цувсаар үйлчлүүлэгчид тасрахгүй байгаа нь харагдаж байлаа.
Богд хааны ордон музей нь Зуны мөргөлийн сүм /7 сүм/, Өвлийн ордон гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрджээ. Зуны ордон нь сэрүүхэн бөгөөд аагим халуун өдрүүдээр үйлчлүүлбэл тун зохимжтой юм. Тус хэсэгт XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар, түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал байх аж. Харин өвлийн ордонд наймдугаар Богд Жавзандамба хийгээд түүний хатан Дондогдуламын өмсөж, эдэлж, хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс, амьтдын цуглуулга зэргийг дэлгэн тавьжээ. Мөн зарим эдлэл хэрэглэл нь сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэнэ.
Богд Жавзандамбын өвлийн ордон болох хоёр давхар европ маягийн цагаан байшин нь Хаант Орос улсын бариглгачдын зураг төслөөр баригдаж байжээ. Тухайн үед Манж Чин гүрний эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээж байсан тул байшингийн дээвэрт алтан ганжир бариулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулан нэмэлт засвар хийлгэж, тэрхүү хэл амыг дарж байсан түүхтэй аж.
Богд Жавзадамба хатны хамтаар 20 орчим жил зөвхөн өвлийн ордондоо амьдарч байжээ. Зуны ордноос өвлийн ордон руу явах хооронд багахан газар чулуун үзмэрийг байрлуулсан байна. Эдгээр чулуун үзмэрийг музей байгуулагдах үед нийслэлийн эргэн тойрны газруудаас үзмэрт зориулан авчирч байжээ. Үзмэрүүд нь Монголын ард түмний нэгэн үеийн түүх, өв соёлын үнэт зүйлсийг хадгалснаараа сонирхолтой хийгээд ач холбогдол өндөртэй юм. Гэвч барилга байгууламжийн хувьд чанарын шаардлага хангахааргүй харагдаж байлаа. Тухайлбал хана туурга нь цуурсан, зарим нэг газраа дусаал орсон байгаа нь ажиглагдаж байсан юм. Үнэт өв соёлын хадгалах нөхцөл байдалд энэ мэтээр хайхрамжгүй хандаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байлаа.
ХҮМҮҮС МУЗЕЙН ҮЗМЭРЭЭ САНАСАН БАЙНА
“Богд Хааны ордон” музейн үйл ажиллагаатай холбогдуулан тус музейн менежер Д.Энхбаяраас зарим мэдээллийг тодрууллаа.
-Энэ сарын нэгнээс “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг зохион байгуулж эхэлсэн. Тус арга хэмжээний зорилго, ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
-2021 оны аравдугаар сарын 1-7-ны хооронд Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болон ахмадын баярын өдрийг тохиолдуулаад “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний ач холбогдол нь ахмад настангууддаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хөнгөлөлттэй үйлчилж, тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд оршиж байна. Мөн ордны намрын өнгө төрх, үйл ажиллагаа нь ямар байдаг талаар иргэддээ тайлагнах зорилготой юм. Үүнтэй холбогдуулан нэг тасалбарын үнээр хоёр хүн үзэх боломжтой болгож хямдруулсан байгаа. Нээлттэй өдөрлөгөөр Манз цавын асарт бие биелгээний сургалт, Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдийг оруулан үйл ажиллагаа явуулж байна. Аравдугаар сарын 3-нд Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд “Jazz City Revival” жазз хөгжмийн тоглолт зохион байгууллаа. “Хааны ордны намар 2021” нээлттэй өдөрлөгийг зохиосноор үйлчлүүлэх хүмүүсийн тоо бараг 15-20 дахин нэмэгдсэн.
-Ер нь үзмэртээ хэрхэн шинэчлэлт хийдэг үү?
-Тодорхой хэмжээнд хүмүүсийг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэлт хийдэг. Манай музейн хувьд үндсэн сан хөмрөгийнхөө 16 орчим хувийг ил үзүүлдэг. Үлдсэн 84 хувийг сэлгэх маягаар зохион байгуулж байгаа. Тухайлбал, нээлттэй өдөрлөгтэй холбоотойгоор Богд хааны ордон музейн Лавиран сүмийн танхимд Богд хааны сонин содон цуглуулгаас бүрдэх “Хааны хачин” бэсрэг үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. VIII Богд Жавзандамба хутагт нь сониуч, олон талын зүйл судалдаг хүн байсан. Тиймээс хааны сонин хачинаас сонирхуулах зорилготой. Жишээ нь, Богд хааны өөрийн бясалгалын хүчээр ороосон сэлэм, эр тахианы өндөг гэх мэт сонирхолтой үзмэр нэмэгдсэн байгаа.
-Музейн үзмэрийн шинэчлэлтээс гадна барилга байгууламж нэлээн муудсан харагдаж байсан. Энэ тал дээр анхаарч байгаа юу?
-Богд хааны ордон музейн захиргааны хүсэлтийг Соёлын сайд анхааралдаа авсан. Тиймээс ирэх онд Энэтхэг улсын засгийн газар, Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын элчин сайдын яам, соёлын өвд зориулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлах ажлыг эхлүүлэх гэж байна.
-Музейн үзмэрийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан бол?
-Биечлэн харуул хамгаалалт болон дижитал дохиолол гэсэн хоёр гол зүйлд суурилж үзмэрээ хамгаалдаг. Харуул хамгаалалтын хувьд маш сайн байдаг. Манайх сүүлийн 30-аад жил дагнаж сан хариуцан ажиллаж буй ганц байгууллага юм.
-Үйлчлүүлж буй иргэдийн хандлага, ойлголт ямар түвшинд байна. Хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Өмнө нь манай улсад хүмүүсийн музей үзэх соёл дөнгөж төлөвшиж байгаа гэдэг байсан бол одоо ерөнхийдөө төлөвшчихсөн гэж хэлж болно. Тавьсан шаардлагыг биелүүлж, эмх цэгцтэй эерэгээр хүлээж авдаг болсон байна. Хүмүүсийн хандлага өөрчлөгджээ.
-Цар тахалтай байгаа энэ цаг үед үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?
-Цар тахлын үед үйлчлүүлэх хүмүүсийн тоо эрс буурсан. Одоо зохион байгуулж буй арга хэмжээ үйлчлүүлэгчидээ сэргээх зорилготой. Музей маань нэг жил долоон сарын хугацаанд үйл ажиллагаагаа хаасан. Энэ оны наймдугаар сараас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүмүүс музейн үзмэрээ санасан байна.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )